Америкийн алдарт дуучин Кэти Перри (Кэтрин Хадсон) өөртэй нь ижил нэртэй Австралийн загвар зохион бүтээгч Кэти Тейлортой (төрөхөд нь өгсөн нэр нь Кэти Перри) нэрнийхээ төлөө заргалдаж, ялагдал хүлээлээ. Энэ тухай “The Guardian” хэвлэл мэдээллээ.
Австралийн загвар зохион бүтээгч бүсгүй 2007 онд “Katie Perry” нэрийг өөрийн бизнесийн нэр болгон бүртгүүлэх өргөдөл гаргаж байсан бөгөөд тухайн үед тэрээр Америкийн поп одны талаар огт сонсож байгаагүй аж.
Австралийн Дээд шүүх 3 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрээ танилцуулж, загвар зохион бүтээгчийн “Katie Perry” барааны тэмдэг нь хууль зөрчөөгүй төдийгүй ижил төстэй нэрнээсээ болж хэрэглэгчдийг төөрөгдүүлээгүй гэж үзсэн байна. Хоёр эмэгтэйн хоорондох шүүхийн маргаан таван жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд нэлээд сунжирсан явцтай байсан юм. Тодруулбал, 2023 онд загвар зохион бүтээгч заргаа авч байсан ч 2024 онд Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож байжээ.
Шүүхийн шинэ шийдвэрт дурдсанаар, дуучин Кэти Перригийн Австрали дахь нэр хүнд хэдийнэ баттай тогтсон тул Тейлорын хувцасны брэндийг харсан хэн ч түүнийг дэлхийн одтой андуурах боломжгүй гэж үзжээ.
Дуучны төлөөлөгчийн мэдээлснээр, Кэти Перри хэзээ ч Кэти Тейлорын бизнесийг хаах эсвэл өөрийнхөө нэрээр хувцас худалдаалахад нь саад болохыг зорьж байгаагүй гэнэ. Гэсэн хэдий ч Дээд шүүх Тейлорт барааны тэмдэгтээ хадгалж үлдэх эрх олгосон ч дуучны зүгээс гаргасан зарим нэмэлт гомдлуудыг дахин хянан хэлэлцэхээр буцаасан байна.
