Монголын цахим спортын The Huns баг Азийн хаалттай урьдчилсан шатанд (Asia Closed Qualifier) гайхалтай тоглолт үзүүлж, Румын улсын нийслэлд болох PGL Bucharest 2026 тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авлаа. Тэд шийдвэрлэх тоглолтуудад Legion болон THUNDER dOWNUNDER багуудыг буулган авснаар хэсгээ тэргүүлж, эрхээ баталгаажуулсан юм.
The Huns баг ийнхүү ялалт байгуулснаар The MongolZ багийн хамт Ази тивийг төлөөлөн 1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд оролцохоор болов. Энэ нь бүрэлдэхүүнээ шинэчилсэн тэдний хувьд маш чухал амжилт бөгөөд шийдвэрлэх тоглолт хүртэл хүлээлгүйгээр эрхээ эрт авч чадлаа.
Багийн гол тоглогч Анарабилэг “cobrazera” Ууганбаярыг The MongolZ багт шилжсэний дараа Унудэлгэр “controlez” Баасанжаргалаар хүчээ зузаатгасан тэд ийнхүү хурдан хугацаанд эргэн сэргэж чадлаа.
Тоглолтын статистик үзүүлэлт (The Huns)
Тэмцээний турш багийн тоглогчид жигд, хүчирхэг тоглолтыг үзүүлсэн бөгөөд ялангуяа sk0R онцгой байлаа.
| Тоглогч | Алах (K) | Үхэх (D) | Туслах (A) | +/- | Дундаж хохирол (ADR) |
| sk0R | 50 | 25 | 10 | +25 | 226 |
| xerolte | 38 | 24 | 14 | +14 | 192 |
| nin9 | 29 | 19 | 9 | +10 | 142 |
| controlez | 26 | 32 | 7 | -6 | 129 |
| Bart4k | 18 | 23 | 7 | -5 | 105 |
| Нийт | 161 | 123 | 47 | +38 | 794 |
PGL Бухарест 2026 тэмцээн ирэх 4 дүгээр сарын 3-наас 11-ний хооронд Румын улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд дэлхийн шилдэг Astralis, FaZe, FUT, PARIVISION зэрэг багууд урилгаар болон эрхээ аван оролцох юм. The Huns-ийн хувьд энэ нь дэлхийн дээд түвшний тайзан дээр өөрсдийгөө харуулах, Монголын CS2-ын чансааг бататгах том боломж болж байна.
