Дуучин Селена Гомесын нөхөр, 37 настай хөгжмийн продюсер Бенни Бланко шинэ дуулианы эзэн боллоо. Түүний эхлүүлсэн “Friends Keep Secrets” (“Найзууд нууцаа хадгалдаг”) подкастын сурталчилгаа цацагдсаны дараа олон нийт түүнийг хурцаар шүүмжилж байна. Хөтлөгч залуу нэвтрүүлгийн үеэр камерын өмнө бохир хөлөө гаргаж, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн, улмаар хий гаргасан нь шүтэн бишрэгчдийг нь дургуйцлийг төрүүлжээ. Цахим орчинд түүний энэ үйлдлээр олон “меме” бүтээгдэж, Селенаг ийм “зэвүүцмээр” нөхрөөсөө салахыг уриалах хүмүүс олширч байна.
YouTube сувагт нийтлэгдсэн бичлэг дээр Бенни гэрийн хувцастайгаа буйдан дээр тухлан суухдаа хажууд нь сууж буй хөтлөгчид рүүгээ бохир хөлөө жийжээ. Үүгээр зогсохгүй 33 настай Селенагийн нөхөр тоглоом болгож микрофон руу хий гаргаад “Залуус анзаарах нь уу, харцгаая” хэмээн тохуурхсан байна. Түүнчлэн тэрээр подкастынхаа үеэр Гитлерийг зочноор урихаас ч буцахгүй гэх мэт утгагүй мэдэгдлүүд хийжээ.
Үзэгчдийн хариу үйлдэл ч маш ширүүн байв. Хэрэглэгчид “Найз минь, чи шүршүүрт орж, цэвэрлэгч хөлслөх хэрэгтэй байна”, “Би үнэхээр цочирдлоо”, “Энэ подкастыг ганц минут ч үзэж чадсангүй, нүдэндээ ч итгэсэнгүй”, “Селена, юу болоод байна вэ?” хэмээн сэтгэгдлүүдээ үлдээжээ. Зарим нь Селенаг ийм хүнтэй хэрхэн хамт амьдардагт нь гайхаж, “Үнэхээр заваан юм, Селена яаж тэсдэг байна аа?”, “Селена түүнээс салж, илүү дээр хүн олох хэрэгтэй” гэх мэтээр бичсэн байна.

Бланко болон Гомес нарын харилцаа анхнаасаа л олны шүүмжлэл дунд өрнөсөн юм. Анх хүмүүс түүнийг гадаад төрхөөрөө Селенад тохирохгүй гэж үздэг байсан бол яваандаа түүнийг дуучин бүсгүйн амьдралд сөргөөр нөлөөлж байна гэх болсон. Тодруулбал, Селенагийн биеийн байдал (бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон бусад өвчнөөс шалтгаалж) сайн биш байхад Бенни түүнийг шоу цэнгээн, архи дарс, электрон тамхинд уруу татдаг гэж буруутгах хүмүүс цөөнгүй. Гэвч од бүсгүй хайртай залуугаа өмөөрч, ярилцлага бүрдээ түүнд хэчнээн хайртайгаа илэрхийлсээр ирсэн.
Ташрамд дурдахад, 2023 оноос болзож эхэлсэн Селена Гомес, Бенни Бланко нар өнгөрсөн намрын сүүлээр нууцхан хуримласан билээ. Санта-Барбарад болсон тус ёслолын үеэр сүйт бүсгүй “Ralph Lauren”-ий гурван ч даашинз сольж өмссөн юм. Хуримын зочдын дунд Тейлор Свифт, “Only Murders in the Building” цувралын хамтрагчид болох Стив Мартин, Мартин Шорт болон Зои Салдана, Пэрис Хилтон, Эд Ширан нарын алдартнууд байсан юм.
