Энэтхэгийн сансрын технологийн салбарт пуужингийн ашиглагдсан хэсгийг хиймэл оюунд суурилсан тооцооллын төв болгон хувиргах шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тус улсын сансрын технологийн гарааны компани Андхра-Прадеш мужийн эрх баригчидтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар “ТВ БРИКС” мэдээлжээ.
Төслийн зорилго нь хиймэл дагуулаас ирэх мэдээллийг Дэлхий рүү дамжуулахаас өмнө сансрын орчинд боловсруулдаг дэд бүтэц бий болгоход чиглэж байна.
Пуужингийн дээд угсрааг тооцооллын төв болгон ашиглана
“Ньюс9” сувгийн мэдээлснээр, сансарт хөөргөсний дараа Дэлхийн тойрог замд үлддэг пуужингийн дээд угсрааг тусгайлан өөрчлөн тоноглож, тооцоолох төхөөрөмжүүд суурилуулахаар төлөвлөжээ.
Эдгээр төхөөрөмж нь хиймэл оюуны технологийн тусламжтайгаар хиймэл дагуулаас хүлээн авсан өгөгдлийг боловсруулах зориулалттай байх юм.
Харин пуужингийн доод угсрааг Дэлхийд буцаан газардуулж, дахин ашиглахаар тооцож байгаа аж.
Хоёр мужийн сансрын дэд бүтцийг уялдуулна
Төслийн хүрээнд Андхра-Прадеш мужид шинэ дэд бүтэц байгуулах бөгөөд үүнийг Тамилнад мужид одоо ашиглаж буй сансрын байгууламжуудтай уялдуулан ажиллуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр одоогийн байгууламжуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хиймэл дагуулуудыг Дэлхийн өөр өөр тойрог замд байрлуулах боломжийг өргөжүүлэх зорилготой байна.
Сансрын орчинд ажиллах төхөөрөмжүүдэд ямар хүндрэл тулгарч байна вэ
Төсөл одоогоор боловсруулалтын шатанд байгаа бөгөөд бодит хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө техникийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай аж.
Үүнд:
- Цацрагийн хамгаалалт: Тооцоолох төхөөрөмжүүдийг сансрын цацрагийн нөлөөллөөс хамгаалах;
- Эрчим хүчний хангамж: Тоног төхөөрөмжийг найдвартай, тасралтгүй ажиллуулах эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлэх;
- Хөргөлтийн систем: Сансрын орчинд төхөөрөмжүүдийн дулааныг зохицуулах шийдэл боловсруулах зэрэг багтаж байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь тойрог замд байрлах өгөгдөл боловсруулах төвийг тогтвортой ажиллуулах үндсэн нөхцөл болох юм.
Энэтхэгийн энэхүү санаачилга нь сансрын тээврийн хэрэгслийн ашиглалтыг зөвхөн хиймэл дагуул хөөргөх үйл ажиллагаагаар хязгаарлахгүй, нэмэлт зориулалтаар ашиглах боломжийг эрэлхийлж буйгаараа онцлогтой. Гэхдээ төслийн бодит үр дүн нь сансрын орчинд тооцооллын төхөөрөмжүүдийг найдвартай ажиллуулах техникийн шийдлүүдийг амжилттай боловсруулж чадах эсэхээс хамаарна.
