Зорчигчдын урсгал багассантай холбоотойгоор Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний тодорхой аяллыг түр цуцалсан талаар албаныхан мэдээлжээ. Тодруулбал, 2025 оны 12-р сарын 11-нээс 2026 оны 01-р сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 22-р галт тэрэг аялал хийхгүй болсон байна.
Үүний дараагаар Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг өмнө нь долоо хоногийн 4 өдөрт нийт 5 удаа явдаг байсан горим өөрчлөгдөж, хуваарь цөөрсөн байна. Шинэчилсэн хуваариар тус чиглэлийн галт тэрэг Даваа гарагт 20:22 цагт, Пүрэв гарагт 07:18 цагт, Баасан гарагт 20:22 цагт тус тус хөдөлж, дээрх хугацаанд зорчигч тээвэрлэхээр болжээ.
Мөн Улаанбаатар төмөр замын зүгээс Пүрэв болон Ням гарагт 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээр дурдсан хугацаанд явахгүйг давхар онцолсон байна.
