НүүрНийгэмХархоринд Хэлтгийн цагаан нуурыг сэргээж, 80 га талбайд ус тогтжээ

Хархоринд Хэлтгийн цагаан нуурыг сэргээж, 80 га талбайд ус тогтжээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 21 жилийн дараа Хэлтгийн цагаан нуурыг сэргээх ажил хэрэгжиж байна. Төсөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгч тус суманд ажиллаж байна.

Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК болон холбогдох байгууллагууд хамтран усны экосистемийг сэргээх, гадаргын усыг хуримтлуулах, нуур цөөрөм нөхөн сэргээх, байгальд ээлтэй дэд бүтэц байгуулах ажлыг үе шаттай хийж байгаа аж.

17 км усалгааны сувгийг цэвэрлэжээ

Төслийн хүрээнд 1956 онд Хархорин суманд баригдсан ч олон жил ашиглагдаагүй 17 км усалгааны суваг, шуудууг бүрэн цэвэрлэсэн байна. Мөн Хөгшин Орхон голоос 5.4 км урт шороон суваг татжээ.

Үүний үр дүнд 80 га талбайд нуур сэргэсэн бөгөөд ус нь сувгаар дамжин Хөгшин Орхон голд, улмаар Өгий нуурыг тэжээж, Орхон голд эргэн цутгах нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

“Шинэ Хархорумын усан хангамжид чухал нөлөө үзүүлнэ”

Усны газрын дарга З.Батбаяр нуур сэргэснээр экосистемийн нөхөн сэргээлтэд эерэг нөлөө үзүүлж, мал, зэрлэг амьтан, нүүдлийн шувууд төвлөрөх орчин бүрдэж байгааг онцолжээ.

Тэрбээр “Нуур сэргэсэн нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилтод манай улс хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл. Мал, амьтан, нүүдлийн шувуу олноор цуглах гээд экосистем бүрдэж байна. Цаашид дээрх гол, нуурын байгалийн урсацыг сэргээж, орчныг нь иж бүрэн тохижуулна. Хэлтгийн цагаан нуур нь Шинэ Хархорум хотын усан хангамжид чухал нөлөө үзүүлнэ” гэж хэлсэн байна.

Хархорумын төлөвлөлттэй уялдуулжээ

Нуурын тохижилт, нөхөн сэргээлтийн ажил нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадаргын усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хангах зорилттой уялдаж байгаа аж.

Усны нөөцийн зөвлөл шинэ Хархорум хотын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийг тогтоох хайгуулын судалгаанд үндэслэн газрын доорх усны ордын нөөцийг өнгөрсөн жил 25 жилийн хугацаатай баталсан байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өмнө нь “Цэнхэр алт” үндэсний хоёр чуулган зохион байгуулж, “Нэг нуур-Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг дэвшүүлсэн. Хэлтгийн цагаан нуурыг сэргээх төсөл нь уг санаачилгын хүрээнд орон нутагт хэрэгжиж буй ажлуудын нэг болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд