Гаалийн байгууллага хяналт шалгалтаар улсын хилээр карго ачаа ашиглан их хэмжээний мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хуулийн дагуу таслан зогсоолоо.
2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын хяналтын бүсэд ирсэн 961 кг жинтэй, 21 боодол олон улсын карго ачаанд нарийвчилсан үзлэг, шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хувцас дотор нуун далдалсан, 1.6 кг жинтэй метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ.
Гаалийн байгууллагаас тухайн үйлдэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль, хяналтын байгууллагад хэргийг шилжүүлэн шалгуулж байна.
Гаалийн байгууллагын сэрэмжлүүлэг
Иргэдийг санамсар болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс Гаалийн ерөнхий газраас дараах зөвлөмжийг хүргэж байна:
- Ачааны агуулгыг шалгах: Бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ ачааны агуулгыг нэг бүрчлэн сайтар шалгаж байх.
- Гэмт хэргээс сэргийлэх: Эзэн нь тодорхойгүй эд зүйл, дайвар ачаа авах нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултайг анхаарах.
