Сэлэнгэ аймагт төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой, хээрийн түймэр гаргасан иргэн Б.Т-д шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх шийдвэр гаргажээ.
Уг хэрэг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хоёр даваа” гэх газарт гарсан байна.
Дөрвөн мянга гаруй га талбай түймэрт өртжээ
Хэргийн материалд дурдсанаар, Б.Т төмөр таслагч ашиглаж байх үед гарсан очноос гал авалцаж, түймэр Зүүнбүрэн болон Хушаат сумын нутаг дэвсгэрт тархжээ.
Түймрийн улмаас дөрвөн мянга гаруй га ой, хээрийн талбай өртөж, байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн нэр бүхий найман иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол бүртгэгджээ.
Шүүх гэм буруутайд тооцож, тэнсэн харгалзах ял оногдуулав
Прокуророос Б.Т-д Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гаргасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.
Мөн хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлөгдсөнд тооцсон байна.
