Өмнөд Солонгосын эрх баригчид их, дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт (CSAT)-ын үеэр хуулсан, тэр дундаа хиймэл оюун ухаан (AI) ашигласан зөрчлийн талаар мэдээлэл өгсөн хүнд 500 сая вон буюу ойролцоогоор 371 мянган ам.доллар хүртэлх шагнал олгохоор болжээ. Энэ тухай Korea JoongAng Daily Авлигатай тэмцэх, иргэний эрхийг хамгаалах комиссын мэдээллээс эш татан бичсэн байна.
Зөрчил илрүүлэхэд хүргэсэн мэдээлэл бүрд 100 сая вон буюу ойролцоогоор 74 300 ам.доллар олгохоор төлөвлөжээ. Нэг хүнд олгох нийт шагналын дээд хэмжээ 500 сая вон буюу ойролцоогоор 371 мянган ам.доллар байна.
Зөрчил гаргасан хүмүүс ч мэдээлэл өгвөл шагнал авч болно
Шалгалтын үеэр хуулснаа хүлээн зөвшөөрч, хамтран оролцсон хүмүүсийнхээ талаар мэдээлэл өгсөн зөрчил гаргагчид ч мөн шагнал авах боломжтой аж. Ийм тохиолдолд тэдэнд оногдуулах шийтгэлийг мөн хөнгөрүүлэхээр болжээ.
Зөрчлийн талаарх мэдээллийг 2027 оны 1-р сарын 19 хүртэл хүлээн авна. Комиссын тайлбарласнаар, энэхүү арга хэмжээ нь шалгалтын үр дүнгийн шударга байдлыг хангаж, олон нийтийн итгэлийг хадгалах зорилготой байна.
Өмнө нь Өмнөд Солонгосын эрх баригчид дүрэм зөрчсөн хүмүүсийг элсэлтийн шалгалт өгөх эрхээс 10 жилийн хугацаагаар хасна гэж мэдэгдэж байжээ. Эхэндээ хуулалтын талаар мэдээлэл өгсөн хүнд олгох шагналын дээд хэмжээг 100 сая вон буюу ойролцоогоор 74 мянган ам.доллар байхаар тогтоосон байсан байна.
Шалгалтын үеэр 111 сэжигтэй тохиолдол илрүүлжээ
Yonhap агентлагийн мэдээлснээр, 11-р сарын 22-нд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён элсэлтийн шалгалтын шинэ журамтай холбоотой дуулианы дараа Боловсролын сайд Чхве Ге Жины огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Боловсролын яамны мэдээллээр, шалгалтын үеэр электрон төхөөрөмж ашигласан байж болзошгүй 111 тохиолдол илэрсэн байна.
Хуулалтаас сэргийлэх хүрээнд эрх баригчид нейросүлжээ хөгжүүлэгчдээс шалгалтын даалгаврын зургийг чатботуудад байршуулсан тохиолдлуудыг илрүүлэхэд хамтран ажиллахыг хүсжээ. Мөн шалгалтын өмнө сурагчдын нүдний шилийг шалгаж, хувцасны товчийг далд камер болгон ашиглахаас сэргийлж битүүмжилсэн байна.
