Өмнөд Солонгосын нэрт дуучин, жүжигчин IU буюу И Жи Ын гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй гал сөнөөгчдөд үзүүлсэн тууштай дэмжлэг, хандивын үйлсээрээ тус улсын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагналыг хүртлээ. БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх албаны тэмдэглэлт өдрийг тохиолдуулан гардуулсан энэхүү шагналыг түүнд “IVE” хамтлагийн хамтаар гал сөнөөгчдийн үйл ажиллагааг дэмжиж, нийгэмд эерэг нөлөө үзүүлснийг нь үнэлэн олгосон байна.
Ённам бүсийн ойн түймрийн үеэр гал сөнөөгчдөд зориулан 100 сая вон хандивлажээ
Уран бүтээлч бүсгүй 2025 оны гуравдугаар сард БНСУ-ын Ённам бүс нутагт дэгдсэн томоохон ойн түймрийн үеэр гамшгийн хор уршгийг арилгахад зориулж нийт 200 сая воны хандив өргөсөн юм. Ингэхдээ уг хандивын 100 сая воныг зөвхөн гал сөнөөгчдийн ажиллах нөхцөл, хангамжид зориулан зарцуулах хүсэлтийг тусгайлан тавьж байжээ. Энэхүү хөрөнгөөр голомтод ажиллаж буй алба хаагчдад зориулсан шуурхай тусламжийн багц бэлтгэж, хоол хүнс болон нэн шаардлагатай хэрэгслээр хангасан байна.
“Hope Bridge” байгууллагаар дамжуулсан хандивын хэмжээ 500 сая вонд хүрсэн байна
IU нь зөвхөн өнгөрсөн оны түймрээр хязгаарлагдахгүй байгалийн гамшигт үзэгдлийн үед нийгмийн хариуцлагаа тогтмол биелүүлж ирсэн уран бүтээлч юм. Тодруулбал, тэрбээр 2020 оны үерийн гамшиг, 2022 оны зүүн эргийн ойн түймэр болон хүчтэй аадар борооны хохирлыг даван туулахад мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. Ийнхүү түүний гамшгаас хамгаалах “Hope Bridge” байгууллагаар дамжуулан өргөсөн хандивын нийт хэмжээ 500 сая вонд хүрчээ.
Олон нийтэд хүрэх нөлөөллөө зөв үйлсэд чиглүүлж, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гал сөнөөгчдийн хөдөлмөрийг бодитоор дэмжсэн нь салбарын байгууллагын зүгээс өндрөөр үнэлэгдэх үндэслэл болжээ. Урлагийн салбарын төлөөллүүд нийгмийн сайн сайхан, гамшгийн эсрэг үйл ажиллагаанд ийнхүү манлайлан оролцох нь олон нийтэд эерэг үлгэр дуурайл түгээж байна.
