Гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч мөсний зузаан, даац нь хүн болон тээврийн хэрэгсэл зорчих хэмжээнд хүрээгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас анхаарууллаа.
Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, усанд суусан 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Монгол орны гол, нууруудад мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл хараахан бүрдээгүй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдийг зам товчлох, цаг хэмнэх зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг санууллаа.
