“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрснөөр томоохон дуулианы төвд орлоо. Энэхүү явдал нь тус компанийн 30 жилийн түүхэн дэх удирдлагын хамгийн ноцтой хямралыг үүсгээд зогсохгүй, хиймэл оюун ухааны (AI) салбарын зах зээлийг бүхэлд нь эрсдэлд оруулаад буйг “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Гүйцэтгэх захирал буруугаа олон нийтийн өмнө хүлээв
Ням гарагт ажилтнууддаа илгээсэн дотоод санамж бичигтээ Женсен Хуан гэр бүлээсээ гадуурх харилцаа үүсгэсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэр бүлээсээ уучлалт гуйн, өөрийн үйлдэлд зөвтгөх ямар ч шалтаг байхгүйг мэдэгджээ. Үүний зэрэгцээ “Nvidia” компани дотоод мөрдөн шалгалтыг эхлүүлээд байна.
Өмнө нь тэрээр Сингапурын харилцагч байгууллагад ажилладаг нэгэн эмэгтэйтэй холбогдсон явдалд ёс зүйн зөрчил байхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.
«Би эхнэрээ хуурсан. Миний үйлдэл эхнэр болон хүүхдүүдэд минь гүн шарх үлдээлээ. Хийсэн үйлдэлд минь ямар ч зөвтгөл байхгүй. Би чин сэтгэлээсээ харамсаж байна» хэмээн өдгөө 63 настай Хуан бичжээ.
Өөрийн нэрийн хуудас болсон савхин хүрэм, өвөрмөц хэв маягаараа Цахиурын хөндийн супер од болсон удирдагчийн хувьд энэ нь туйлын хүнд цохилт болж байна. Үүний сацуу Хуан мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн дүүрэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагадаа үнэнч хэвээр байгаагаа цохон тэмдэглэжээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн шалгалт болон зах зээлийн савлагаа
“Nvidia”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус захирлуудаас бүрдсэн тусгай хороо байгуулж, нөхцөл байдлыг шалгуулахаар хөндлөнгийн хуулийн фирмийг татан оролцуулсан байна.
Шалгалтын гол зорилго нь тус компанийн тэргүүн “Megaspeed International”-ийн удирдах ажилтан асан, АНУ-ын эрх баригчдын шалгалтаар БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан болох нь тогтоогдсон Элис Хуан (Хуан Лэ)-тай холбогдсоны улмаас гадаадын тусгай албаны нөлөөнд автсан эсэхийг тодруулахад чиглэж байна. Хэдийгээр компанийн нууц болон үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэж үзэх үндэслэл хараахан тогтоогдоогүй байгаа ч шалгалт хэргийн бүх нарийн ширийнийг хамрах аж.
Компанийн дотоодод үүссэн уг асуудал санхүүгийн үзүүлэлтүүдэд нь шууд сөргөөр нөлөөлж эхлэв. “Reuters”-ийн мэдээлснээр даваа гарагт Франкфуртын бирж дээр “Nvidia”-гийн хувьцааны ханш 6 гаруй хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн уналтыг үргэлжлүүлэн сүүлийн хэдэн сарын доод түвшинд хүрчээ. “LSEG Datastream”-ийн тооцоолсноор чип үйлдвэрлэгч тус компани өнгөрсөн баасан гарагийн хаалтын үнээс хойш нийт 270 орчим тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаж болзошгүй болоод байна.
“Nvidia” нь хиймэл оюун ухааны гол чипүүдийг үйлдвэрлэж, Уолл-Стриттэй хамтран олон зуун тэрбум долларын төслүүдийг хэрэгжүүлдэг тул шинжээчид салбарын хэмжээний тогтворгүй байдал үүсэхээс болгоомжилж байна. Нөгөө талд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хуаныг олон нийтийн өмнө өмөөрч, түүнийг албан тушаалаа хадгалж үлдэх ёстой «гайхалтай хүн» хэмээн тодорхойлжээ.
