АНУ-ын сайн найзууд болох 32 настай Адам Винингер, 44 настай Жошуа Хост нар түүхэн дэх хамгийн өндөрлөг газарт ширээний тоглоом тоглосон амжилтаар Гиннесийн номд бичигджээ. Тэд Эквадорын Боливар муж дахь унтарсан Чимборасо галт уулын Уимпер оргилд, далайн түвшнээс дээш 6 277 метрийн өндөрт шатар тоглосон байна.
Энэ талаар Гиннесийн дээд амжилтын албан ёсны сайтад мэдээлжээ. Тэдний тоглолт 20 593 футын өндөрт болсон бөгөөд шинэ дэлхийн рекорд болсон байна.
Хоёр дахь оролдлогоор оргилд хүрчээ
Винингер, Хост нар 2026 оны 3-р сарын 31-нд оргилд гарч, тэнд шатрын өрөг тоглосон байна. Үүнээс хэдэн сарын өмнө хийсэн эхний оролдлого нь цаг агаарын таагүй нөхцөлөөс болж бүтэлгүйтсэн ч хоёр дахь удаагаа зорилгодоо хүрч чаджээ.
Винингерийн хэлснээр, шатар бол тэдний хамгийн дуртай тоглоом юм. Тиймээс уулын оргил дээр шатар тоглох санаа тэдэнд үнэхээр сүртэй сорилт мэт санагдсан байна.
Өмнөх рекордыг 61 метрээр ахиулжээ
Америкчууд өмнөх дэлхийн рекордыг яг 200 фут буюу ойролцоогоор 61 метрээр ахиулжээ. Өмнөх амжилтыг Британийн Тим Моу, Нил Лоутон нар 2024 онд Балбын Путха-Хюнчули ууланд 6 216 метрийн өндөрт тоглосон өргөөрөө эзэмшиж байсан байна.
Шинэ рекорд эзэмшигчид цаашид ч амжилтаа хамгаалах бодолтой байгаагаа хэлжээ. Винингер хэрэв хэн нэгэн тэдний рекордыг эвдвэл найзтайгаа дахин 200 фут буюу ойролцоогоор 61 метрээр илүү өндөр газарт гарч тоглоно гэж амласан байна.
