Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хуваарийг танилцууллаа.
Энэ жил Наадмыг тохиолдуулан 7-р сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амрах юм. Харин иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн зарим дүүргийн ӨЭМТ-үүд тодорхой цагийн хуваариар ажиллахаар болжээ.
Зурагт танилцуулсан хуваарийн дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2026 оны 7-р сарын 12-19-ний өдрүүдэд өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Найман дүүргийн төвүүд жижүүрлэн ажиллана
Баярын өдрүүдэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур дүүргийн зарим хороо, салбар амбулатори болон зөвлөх поликлиникүүд жижүүрийн зохион байгуулалтаар ажиллах юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 24, 32 дугаар хороо, Баянзүрх дүүрэгт Дарь эх нэгдсэн эмнэлэг, Ахмад хүүхдийн эмнэлэг, салбар амбулатори, зөвлөх поликлиник зэрэг байгууллагууд хуваарьт багтжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 6, 10, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17, 19, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 28, 8, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 6, 11, 14 дүгээр хороо, Налайх болон Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ӨЭМТ-үүд ажиллана.

Иргэд өөрт ойр байрлах ӨЭМТ-ийн хаяг, холбоо барих дугаарыг Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын танилцуулсан хуваариас нягтлан авах боломжтой.
Мөн хүн амын өвчлөл, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд бусад Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажиллуулах нэмэлт хуваарийг тухай бүр гаргана гэж мэдээллээ.
