Киргизийн нийслэл Бишкек хотын “Бишкек Арена”-д болох Шакирагийн тоглолтыг 60 мянга орчим хүн үзэх бөгөөд тэдний тал хувь нь гадаадын жуулчин байна гэж тус улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх агентлаг тооцоолжээ.
Тус агентлагийн захирал Эдуард Кубатовын мэдээлснээр, 30 мянган гадаадын жуулчны зарцуулалт Киргизийн эдийн засагт 30 орчим сая ам.долларын орлого оруулах боломжтой байна.
Нэг жуулчин дунджаар 940 ам.доллар зарцуулна гэж үзжээ
Э.Кубатовын тооцоогоор, гадаадын нэг жуулчин тоглолтын тасалбар, зочид буудал, унаа болон бусад зардалдаа хамгийн багадаа 940 орчим ам.доллар зарцуулах төлөвтэй байна.
Тэрбээр “Шакирагийн концертыг үзэх 30 мянган жуулчин ганцхан өдрийн дотор 30 орчим сая доллар зарцуулна гэж төсөөл дөө. Энэ бол манай улсын эдийн засагт орж буй бодитой хувь нэмэр” гэжээ.
“Бишкек Арена”-г олон төрлийн арга хэмжээний төв болгохоор зорьж байна
Э.Кубатов “Бишкек Арена”-г спортын тэмцээнээс гадна соёл, урлаг, угсаатны болон хөгжмийн наадам, дэлхийн оддын тоглолт зохион байгуулах төв болгох боломжтой гэж онцолсон байна.
Түүний тооцоолсноор, тус цэнгэлдэхэд жил бүр 15–20 томоохон наадам, тоглолт зохион байгуулбал 5–7 жилийн дотор бүтээн байгуулалтын өртгөө нөхөж, цаашид улсын эдийн засагт тогтвортой хувь нэмэр оруулах боломжтой аж.
Мөн тэрбээр уг төслийг хэрэгжүүлсэн Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров болон түүний багт талархал илэрхийлж, шинэ цэнгэлдэх аялал жуулчлалыг хөгжүүлэх нэмэлт боломж нээж байна гэж мэдэгджээ.
