НүүрОсол хэрэгАлаг-Эрдэнэ суманд баавгай айлын хотонд орж, мал барьжээ

Алаг-Эрдэнэ суманд баавгай айлын хотонд орж, мал барьжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Сэгсүүргийн аманд өнгөрсөн шөнө баавгай айлын хотонд орж, таван бог мал болон нэг нохой барьжээ. Баавгайнаас болгоомжилсон малчид шөнийг автомашиндаа өнгөрүүлсэн байна. Одоогоор тусгай хамгаалалттай газрын алба хаагчид тухайн баавгайг тор ашиглан барихаар ажиллаж байгаа аж.

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газарт энэ онд хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, малчин өрхийн хот, хашаанд орсон тухай 21 сумын нутгаас нийт 110 дуудлага, мэдээлэл иржээ.

Мөн Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цэцэрлэг суманд нийт зургаан баавгай устгасан байна. Тэдгээрийн гурвыг иргэд өөрсдийгөө хамгаалах зорилгоор, үлдсэн гурвыг холбогдох зөвшөөрлийн дагуу устгажээ.

Нэмэлт зөвшөөрөл хүссэн байна

Тус аймагт баавгай устгах гурван зөвшөөрөл олгосон бөгөөд уг тоо дууссан тул аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн байна.

Хүрэн баавгай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт тархан амьдардаг гэсэн судалгаа бий.

Иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Сүүлийн үед баавгай уулаас бууж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.

  • Баавгай үзэгдсэн, мөр нь илэрсэн газарт ганцаараа явахгүй байх
  • Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Өглөө эрт, орой бүрэнхий болон шөнийн цагаар уул, ойд явахгүй байх
  • Ой, өтгөн бут, голын шугуйгаар явахдаа үе үе дуу чимээ гаргах
  • Бамбарууштай таарвал ойртохгүй, тайван холдох

Мөн хадлан бэлтгэх, мал болон алдуул малаа хайхаар ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагууд зөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд