АНУ-ын Монтерейд болсон Автомашины долоо хоногийн хүрээнд зохион байгуулсан дуудлага худалдаагаар 1964 оны Shelby Cobra Daytona купе 42.9 сая ам.доллараар зарагджээ. Carscoops-ийн мэдээлснээр, энэ нь олон нийтийн дуудлага худалдаагаар зарагдсан түүхэн дэх хамгийн үнэтэй америк автомашин болсон байна.
Анх уг спорт машиныг 25 сая ам.доллараар үнэлж байсан ч эцсийн үнэ үүнээс хавьгүй өндөрт хүрчээ.
Ferrari-тэй өрсөлдөхийн тулд бүтээгдсэн загвар
Daytona Coupe загварыг тухайн үеийн уралдаанд давамгайлж байсан Ferrari-тэй өрсөлдөхийн тулд Кэрролл Шелби бүтээсэн байна. Машины суурь нь Британийн AC Ace родстер байсан бөгөөд Шелби өмнө нь үүнийг V8 хөдөлгүүртэй Cobra болгон өөрчилж байжээ.
Ferrari 250 GTO-той өрсөлдөхийн тулд илүү сайн аэродинамиктай хаалттай кузов шаардлагатай болсон нь Daytona Coupe-г бүтээх шалтгаан болсон байна.
Дуудлага худалдаагаар зарагдсан CSX2300 шасси нь энэ цувралын анхны купе байв. Нийт ийм машин ердөө зургааг үйлдвэрлэжээ. Уг автомашин 1964 оны FIA GT аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд анх гарч, шууд амжилт үзүүлсэн байна.
Дараа нь машин “Ле-Маны 24 цаг” марафонд оролцож, тодорхой хугацаанд тэргүүлж байсан ч тахир голын эвдрэлээс болж замаас гарчээ.
Shelby American-д аваргын цом авчрахад тусалжээ
1965 онд уг купе Америкийн Дайтона, Себрингийн уралдаанууд, мөн Германы “Нюрбургрингийн 1,000 км”, Францын “Реймсийн 12 цаг” тэмцээнүүдэд гараанд гарсан байна. Хэдийгээр ялалт байгуулаагүй ч эдгээр оролцоо нь Shelby American багийг FIA-ийн үйлдвэрлэгчдийн аварга цол хүртэхэд чухал нөлөө үзүүлжээ.
1966 онд машин Пенсильвани мужийн хувийн цуглуулагчид зарагдаж, дараа нь дахин борлуулагдан Япон руу илгээгдсэн бөгөөд тэнд уралдаанд үргэлжлүүлэн оролцжээ. Хожим автомашин Шелбигийн мэдэлд буцаж ирж, сэргээн засварлагдсан байна. Үүнээс хойш хэд хэдэн эзэн сольсон бөгөөд 1990-ээд оны сүүлээс хойш 20 гаруй жилийн турш цуглуулагч Ларри Боуманы эзэмшилд байжээ. Шинэ худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна.
Мөн Монтерей дахь уг дуудлага худалдаагаар Ferrari Luce цахилгаан автомашины хамгийн анхны хувилбар 40 сая ам.доллараар зарагдсан. Түүнийг 87 настай Америкийн тэрбумтан Герберт Вертхайм худалдаж авсан гэж мэдээлжээ. Тэрээр хувьцаанд олон жил хөрөнгө оруулсан, мөн оптикийн салбар дахь шинжлэх ухаан, бизнесийн үйл ажиллагаагаараа хөрөнгөжсөн байна.
