Их Британийн музей Францын алдарт Байёгийн хивсийг (Bayeux Tapestry) түүхэндээ анх удаа эх орондоо дэлгэн үзүүлэхээр тасалбараа худалдаалж эхэллээ. Гэвч борлуулалт эхэлмэгц соёлын томоохон арга хэмжээг үзэх гэсэн арван мянга гаруй хүн нэгэн зэрэг цахим системд нэвтэрч, асар урт виртуал дараалал үүсгэсэн байна. Сүүлийн жилүүдийн хамгийн чухал соёлын үзэсгэлэнд тооцогдож буй уг үйл явдал 2026 оны есдүгээр сараас 2027 оны долдугаар сар хүртэл Британийн музейд олон нийтийн хүртээл болох юм.
Хастингсийн тулааныг өгүүлэх 70 метр урт түүх
Энэхүү 70 метр урт хивс нь 1066 оны алдарт Хастингсийн тулалдаан болон Уильям Байлдан дагуулагч Английн хаан болсон түүхэн үйл явдлыг нарийвчлан дүрсэлсэн, бараг 1000 жилийн настай ховор олдвор билээ. Судлаачид уг хивсийг анх Английн урчууд урласан гэж үздэг ч сүүлийн 950 жилийн турш Франц улсад хадгалагдаж ирсэн тул ийнхүү мянга орчим жилийн дараа Англи улсад түр эргэн ирж буй нь энэ юм. Тасалбарын үнийг оргил ачааллын үеэр 33 фунт стерлинг, ачаалал багатай үед 27 фунт байхаар тогтоосон бөгөөд 16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
800 сая фунтын даатгал ба соёлын түүхэн солилцоо
Байёгийн хивс маш эмзэг бүтэцтэй тул Францаас Их Британи руу тээвэрлэх ажиллагааг тусгай нарийн горимоор гүйцэтгэхээр зэхэж байна. Чичиргээ, доргилтыг бүрэн шингээх тусгай тээврийн хайрцагт хийж, чийгшил болон температурыг тогтмол хянах бөгөөд уг бүтээлийн даатгалын үнэлгээ даруй 800 сая фунт стерлингт хүрсэн байна.
Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн урлагийн арга хэмжээ байхаас гадна Их Британи, Францын соёлын хамтын ажиллагааны том бэлгэ тэмдэг болж буй. Үүний хариуд Британийн тал өөрийн үнэт өв болох Саттон Хугийн олдворууд болон Льюисийн шатрын хөлгүүдийг Франц улсад түр хугацаагаар дэлгэн үзүүлж, соёлын солилцоо хийхээр харилцан тохиролцжээ.
