НүүрЦахим спортCS2: Бухарестын дэвжээнд 1.25 сая ам.долларын төлөө өрсөлдөх шилдэг таван баг нэрлэгдлээ

CS2: Бухарестын дэвжээнд 1.25 сая ам.долларын төлөө өрсөлдөх шилдэг таван баг нэрлэгдлээ

Румын улсын нийслэл Бухарест хотноо энэ сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд дэлхийн шилдэг 16 баг “PGL Masters Bucharest 2026” тэмцээнд өрсөлдөх гэж байна. “PGL Studio”-д болох тус тэмцээн нь 1,250,000 ам.долларын үндсэн шагнал болон багийн урамшуулал олгохоос гадна “PGL Major Singapore 2026“-ийн урилга тараагдахаас өмнөх сүүлчийн нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог юм. Цахим спортын шинжээчид энэхүү томоохон сорилтод аваргын цом өргөх магадлалтай гол таван багийг дараах байдлаар тодорхойлжээ.

Vitality болон Spirit: Аваргын цомын гол өрсөлдөгчид

Зуны улиралд болсон IEM Cologne Major 2026 болон Esports World Cup 2026 тэмцээнүүдийн хагас шигшээд хүрч чадалгүй мултарсан Францын “Team Vitality” сүүлийн саруудад хүчирхэг эргэн ирэлт хийлээ. apEX болон дэлхийн шилдэг AWPer ZywOo нараар удирдуулсан тус баг StarLadder StarSeries Fall 2026 болон ESL Pro League Season 24 тэмцээнүүдэд дараалан түрүүлээд байна. Аав болох гэж буй ахлагч apEX-ийн оронд түр хугацаанд jL тоглож байгаа хэдий ч өвлийн Мажорын өмнө бүрэн формдоо орсон тэд аварга авах гол багаар нэрлэгдсэн хэвээр байна.

Харин “Team Spirit” багийн хувьд Esports World Cup 2026 болон BLAST Open Porto 2026 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн ч сүүлийн үед зарим тоглогчдын ур чадвар шүүмжлэлд өртөөд буй юм. Багийн ахлагч magixx-ийн туршлага, sh1ro-гийн тогтворгүй тоглолт болон zont1x, tN1R нарын итгэл суларсан нь бэрхшээл дагуулж байна. Гэсэн хэдий ч тоглолтын хувь заяаг ганцаараа эргүүлэх чадвартай залуу од donk өндөр формтой байгаа тул багийн нөхөд нь багахан дэмжлэг үзүүлэхэд л аваргын цом өргөх боломжтой гэж шинжээчид дүгнэжээ.

Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй The MongolZ

Жилийн өмнө The MongolZ 1xBet дэлхийн чансааг тэргүүлж байсан ч одоо бүрэлдэхүүнээ шинэчлэх шилжилтийн үе дээрээ явж байна. Гэсэн хэдий ч Азийн Valve Regional Standings (VRS) чансаанд тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй тул тэд Сингапурын Мажорын урилгыг шууд өвөртлөх өндөр магадлалтай байгаа юм. Тэдний хувьд багтаа шинээр нэгдсэн Г.Есөнтөмөр буюу “nin9”-ийг тоглолтын шинэ уур амьсгал, тактикт дасгах нь Бухарестын тэмцээний гол зорилт болоод байна. Тэрбээр 2018 онд өнөөгийн дасгалжуулагч maaRaa-тай цуг тоглож байсан түүхтэй.

Тус баг Бухарестыг зорихоос өмнө “1win Private Club Season 2” тэмцээнд өрсөлдөж, шинэ бүрэлдэхүүнийхээ гар нийлэмжийг шалгах боломж бүрдэнэ. Түүнчлэн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний тактик өрсөлдөгчдөд нь одоогоор бүрэн танигдаагүй байгаа нь тэдний гол давуу тал болж, хүчтэй өрсөлдөөн үзүүлэх боломжийг олгож байна.

Хямралд өртсөн NAVI ба сэргэлт авчирсан Aurora Gaming

Хавар IEM Atlanta 2026 тэмцээнд түрүүлснээсээ хойш уналтад орсон “NAVI” баг IEM Cologne Major 2026-ийн хасагдах шатанд ч шалгарч чадаагүй нь тэднийг түүхэндээ анх удаа Мажорыг өнжих эрсдэлд орууллаа. Багийн дараалсан ялагдлуудаас шалтгаалан рифлер b1t-ийг Falcons баг руу шилжиж магадгүй гэсэн мэдээлэл гарч, бүрэлдэхүүн задарч болзошгүй гэх таамаглал өрнөөд байна. Гэсэн ч байдал туйлын эгзэгтэй болсон энэ үед тоглогчдын сэтгэл зүйн хат, ялах эрмэлзэл дээд цэгтээ хүрч, хүчтэй өрсөлдөгчдөө буулган авах чадвартай тул тэд фаворитуудын тоонд багтжээ.

Харин топ тавд FURIA болон MOUZ зэрэг багуудын оронд “Aurora Gaming” нэрлэгдсэн нь тэдний сүүлийн үеийн огцом ахицтай холбоотой юм. Турк цөмтэй тус баг бүрэлдэхүүндээ Jimpphat болон kyxsan нарыг нэгтгэснээр ESL Pro League Season 24-ийн хэсэгт FURIA-г, гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг тус тус буулган авсан байна. Хэрэв тэд энэхүү амжилтаа бататгаж чадвал Бухарестын дэвжээнд тэргүүн байрын төлөө тууштай өрсөлдөх бүрэн боломжтой байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд