1968 оны VW Beetle-ийн суурь дээр Land Rover Series III-ийн кузов суурилуулан бүтээсэн өвөрмөц автомашиныг eBay дээр худалдаанд гаргажээ. Ер бусын төрхөөрөө уг машин хэдийнэ олны анхаарлыг татсан байна.
CarScoops-ийн мэдээлснээр, уг автомашины онцлог нь Британийн бартаат замын машины өнцөглөг хэлбэрийг VW Beetle-ийн богиносгож, маш намсгасан явах эд анги болон агаарын хөргөлттэй хөдөлгүүртэй хослуулсанд оршино. Төслийг Slamd-Rover гэж нэрлэжээ.
Одоогийн эзэмшигч уг машиныг 2020 онд дуусаагүй төсөл хэлбэрээр худалдан авч, Их Британийн Dropworks Customs болон Lowdown Transporters урлангуудын тусламжтайгаар бүрэн гүйцээсэн байна. Суурь автомашинаар 1968 оны Beetle ашигласан ч анхны машинаас цөөн хэдэн эд анги л үлджээ.
Тэнхлэг хоорондын зайг богиносгож, алсын удирдлагатай хийн түдгэлзүүлэлт суурилуулсан бөгөөд дугуй бүрийн өндрийг тусад нь тохируулах боломжтой. Ингэснээр кузовыг бараг асфальттай шүргэлцэх хэмжээнд хүртэл доошлуулж болно.

Гэхдээ шинэ эзэмшигч нь Land Rover-ийн уламжлалт бартаат замын чадварыг мартах хэрэгтэй болно. Учир нь энэ машин энгийн хурд сааруулагчийг ч давж гарахад бэрх аж.
Автомашинд Porsche-ийн 17 инчийн хөнгөн хайлшин обуд суурилуулсан бөгөөд ижил загварын нэг дугуйг капот дээр бэхэлжээ. Кузовыг Land Rover Series III-аас авч, матт ногоон өнгөөр будсан байна.
Шаргал дээврийг Safari-ийн ховор хувилбараас авч, өндрийг нь багасган өөрчилжээ. Хуваагдсан урд салхины шил болон дээврийн онцлог дээд цонхнуудаас бусад бүх шилийг авч хаясан байна.
Машины арын хэсэгт VW Type 2 (Bus) микроавтобусаас авсан 1.6 литрийн багтаамжтай, агаарын хөргөлттэй хэвтээ байрлалтай хөдөлгүүр суурилуулжээ. Хөдөлгүүр нь хоёр карбюратор, 3D принтерээр хэвлэсэн сорох хоолой болон хоёр яндангийн үзүүртэй тусгайлан хийсэн яндангийн системтэй.
Салонд захиалгаар хийсэн буйдан хэлбэрийн суудал, модон жолооны хүрд, гурван хэмжүүр болон өндөр байрлалтай араа солих хөшүүрэг суурилуулсан байна.
Худалдагч уг машиныг “Land Rover-ийн пуристуудыг уурлуулахад төгс тохирох автомашин!” хэмээн тодорхойлжээ. Мөн гудамжинд энэ машиныг харсан хүмүүсийн хариу үйлдэл өөрт нь үргэлж хөгжилтэй санагддаг гэж ярьсан байна.
Slamd-Rover-ийг бүтээгчид уг автомашиныг 15 000 фунт стерлингээр үнэлжээ.
