Америкийн OpenAI компанийн тэргүүн Сэм Альтман АНУ-д хамгийн их нөлөө, бодит эрх мэдэлтэй хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр Anthropic-ийн тэргүүн Дарио Амодеи болон SpaceXAI-ийн эзэн Илон Маскийг ардаа орхисон байна.
Энэ талаар Vanity Fair сэтгүүл жил бүр гаргадаг The New Establishment 2026 жагсаалтаа нийтлэхдээ мэдээлэв.
Тус сэтгүүл дэлхийг үнэхээр өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй хүн түүхэнд тун цөөхөн байсан бөгөөд Альтманыг тэдний нэг гэж тодорхойлжээ. Түүний нөлөөг ChatGPT-ийн нээлт болон хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжилтэй холбон тайлбарласан байна. Vanity Fair-ийн үнэлснээр, ирээдүйд Альтманыг “бидний үеийн Оппенхаймер” хэмээн дурсаж магадгүй аж.
Жагсаалтын хоёрдугаарт Дарио Амодеи, гуравдугаарт Илон Маск, дөрөвдүгээрт Nvidia-ийн тэргүүн Женсен Хуанг оржээ. Шилдэг аравт мөн АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Кевин Уорш, Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Alphabet-ийн тэргүүн Сундар Пичай, Netflix-ийн Тед Сарандос, YouTube-ийн Нил Мохан нар багтсан байна.
Vanity Fair уг жагсаалтыг хөрөнгийн хэмжээ эсвэл сошиал сүлжээний дагагчдын тоонд үндэслэн гаргаагүй бөгөөд харин “бодит эрх мэдэл”-ийг үнэлэхийг зорьсон гэж тайлбарлажээ. Түүнчлэн АНУ-д шууд нөлөө нь мэдрэгддэггүй гадаадын төрийн тэргүүнүүд болон бусад зүтгэлтнүүдийг жагсаалтад оруулаагүй байна.
