Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу тавдугаар сарын 31-ний өдөр тохиох Бурхан багшийн Их дүйчин өдрийг угтаж, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс баярын нэгдсэн хөтөлбөрийг олон нийтэд танилцууллаа. Олон сонирхолтой арга хэмжээ болон шашны гүн хүндэтгэлийн зан үйлүүд энэ өдөр нийслэл хотноо зэрэг өрнөхөөр төлөвлөгдөөд байна.
Бурхны шашинтнуудын хамгийн том баярын өдрийг үүр шөнөөс эхлэн үдэш орой хүртэл тусгай төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлэх юм. Сүсэгтэн олон болон нийслэлийн оршин суугчид дараах цагийн удирдамжаар баярын арга хэмжээнүүдэд хамрагдах боломжтой.
- 04:00 цагт: Бурхан багшийн Дүйчин өдрийн албан ёсны үйл ажиллагаа эхэлнэ.
- 07:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
- 09:30 цагт: Бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 14:00 цагаас: Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
- 20:30 цагт: Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж оройн гэрэлт жагсаалд оролцож болно.
Түүхэн дурсгалт нандин шүтээнийг залахын учир холбогдол
Энэ удаагийн баярын өдрийн утга учрыг Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл онцгойлон тайлбарлав. Тэрбээр, “Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиоддог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг” хэмээн мэдээлсэн юм.
Уг түүхэн ариун шүтээнд мөргөх боломж ийнхүү монголчуудад анх удаа тохиож байгаа нь энэ жилийн баярыг илүү утга төгөлдөр болгож байна. Нийслэлийн иргэд та бүхнийг гэр бүлээрээ төв талбайд хүрэлцэн ирж, гэрэлт жагсаал болон бусад арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.
