Дуучин Т.Дэлгэрмөрөн ТВ8 телевизийн “Be Strong” реалити шоуны нийгмийн нөлөөллийн төслийн хүрээнд “Delgermurun Best Hits” VIP тоглолтоо аравдугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулахаар болжээ.
Тоглолт “Michelle Restaurant & Lounge”-д 19:00 цагаас эхлэх бөгөөд “Michelle Live Session” цувралын 10 дахь дугаарын хүрээнд болох юм.
Амьд хөгжмийн найруулгатай тоглолт толилуулна
Т.Дэлгэрмөрөн энэ үдэш өөрийн шилдэг уран бүтээлүүдээ амьд хөгжмийн шинэчилсэн найруулгаар хүргэхээр төлөвлөжээ. Мөн зочин уран бүтээлчидтэй хамтран тоглох юм.
Тус тоглолт нь зөвхөн уран бүтээлийн арга хэмжээ бус, “Be Strong” шоуны оролцогчдын хэрэгжүүлж буй нийгмийн нөлөөллийн төслийн нэг хэсэг болж байна.
Ганц бие аавуудын асуудалд анхаарал хандуулж байна
“Be Strong” реалити шоуны оролцогчид хувийн амьдралын өөрчлөлтөөс гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Т.Дэлгэрмөрөнгийн хувьд ганц бие аавуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэднийг нэгтгэн дэмжих чиглэлээр ажиллаж байна.
