Британийн Economist Intelligence Unit буюу EIU судалгааны төв дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жил тутмын чансааг танилцуулжээ. CNN-ийн мэдээлснээр, жагсаалтыг Дани улсын нийслэл Копенгаген хоёр дахь жилдээ тэргүүлсэн байна.
Энэхүү рейтингийг хотуудын эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, соёл, хүрээлэн буй орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүдэд үндэслэн гаргадаг. Мөн тухайн хотод амьдрахад иргэд ямар хүндрэлтэй тулгарч болохыг шинжээчид үнэлдэг байна.
Копенгаген тогтвортой байдал, дэд бүтэц болон төрийн үйлчилгээний чанараараа өндөр үнэлгээ авч, нэгдүгээр байраа хадгалжээ. Харин Вена өнгөрсөн жилийн адил хоёрдугаар байрт бичигдсэн байна. 2025 онд Венатай нэг байр хувааж байсан Цюрих энэ удаа гурван байр ухарчээ.
Топ-10 хот ба бүс нутгийн өөрчлөлт
Шилдэг аравт дараах хотууд багтсан байна:
- Копенгаген
- Вена
- Мельбурн
- Сидней
- Женева
- Осака
- Аделаида
- Ванкувер
- Токио
- Цюрих
Ираны дайнтай холбоотойгоор Ойрх Дорнодын хэд хэдэн хот чансаанд ухарсан байна. Тухайлбал, Кувейт, Маскат, Тегеран зэрэг хотуудын байрлал буурчээ.
EIU-ийн дүгнэлтээр, дэлхий даяарх амьдралын чанарын дундаж үзүүлэлт өнгөрсөн оноос өөрчлөгдөөгүй байна. Ойрх Дорнод дахь тогтвортой байдлын бууралт Азийн бүсийн эрүүл мэндийн үйлчилгээний сайжралтаар тэнцвэржсэн гэж шинжээчид тайлбарлажээ.
