Их Британийн нэгэн оршин суугч эмэгтэй лотерейноос 12 сая фунт стерлинг (ойролцоогоор 16 сая ам.доллар) хожиж, нэг л шөнийн дотор мультимиллионер болсон ч баяр баясгалангийн оронд жинхэнэ хар дарсан зүүдтэй нүүр тулжээ.
The Sun хэвлэлийн мэдээлснээр, түүний хожсон билет андуурагдан хогийн сав руу орсон тул лотерей зохион байгуулагчид яаралтай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхэд хүрсэн байна.
Сүйрэл дагуулсан андуурал
Кэт Мэйн (Kath Main)-ий түүх тэрээр 6-р сарын 6-ны джекпот эзнээ олж чадаагүй хэвээр байгааг сонин дээрээс уншсанаар эхэлжээ. Тэрээр хожлын дугааруудыг шалгаж үзтэл, түүний 20 жилийн турш тасралтгүй тоглож буй тооны хослол байхыг олж мэджээ. Ихэвчлэн билетийг түүний ээж Фиона шалгадаг байсан тул Кэт шууд түүн рүү утасдсан байна. Гэвч ээж нь билетийг ТҮЦ-нд аль хэдийн шалгуулсан гээд “Бид юу ч хожоогүй байна лээ” гэж хэлжээ.
Настай эмэгтэй Өмнөд Уэльсийн Аберсинон хотын супермаркет доторх ТҮЦ-нд очиж, хожлын билетийг сканердуулсан боловч төхөөрөмж ямар нэгэн хариу өгөөгүй аж. Фиона “Худалдагч надад ‘Та хожоогүй байна, билетийг буцааж авах уу?’ гэж асуухад нь би ‘Үгүй’ гэж хариулсан” хэмээжээ. Гэтэл худалдагч билетийг нь урнаас хогийн сав руу шидчихсэн байв.
Кэт өөрсдийгөө азтан болсныг ухаарах үед дэлгүүрийн хогийн савыг хэдийн суллаж, цэвэрлэсэн байжээ. Сандарсан Кэт лотерейг зохион байгуулагч компанитай яаралтай холбогдсон байна. Тэрээр билетийн зургийг үзүүлж, худалдан авалтын баримтыг баталж чадсан бөгөөд гомдолд дурдсан цагт ээж нь ТҮЦ-ний дэргэд байсныг харуулсан хяналтного камерын бичлэгийг олж авчээ.
Мөрдөн байцаалт ба царцаасан хожил
“Би лотерейн компаниас автомат гацсан байж болох уу гэж асуухад, тэд үүнийг боломжтой гэсэн ч маш бага магадлалтай, харин хүний буруутай үйл ажиллагаа байх талтай гэж үзсэн” хэмээн Кэт ярив.
Кэтийн билет худалдаж авсан ТҮЦ-ний эзэн Каран Кумар Британийн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа энэ явдалд цочирдсон гэдгээ хэлээд: “Машины системд алдаа гарсан байж магадгүй юм. Ямартай ч тэр эмэгтэй хожсон бол үнэхээр гайхалтай хэрэг” гэжээ. Мөрдөн байцаалтын ажил дуусах хүртэл тус цэг дээрх лотерейн тасалбарын борлуулалтыг зогсоосон байна.
Худалдагч билетийг үнэхээр хогийн сав руу хаясан эсэхийг эцсийн байдлаар тогтоож чадаагүй бөгөөд хожлын мөнгийг олгохыг царцаажээ. “Би дэлхийн хамгийн азгүй лотерейн ялагч байх. Надад джекпот байгаа ч юу ч үгүй хоцорлоо” гэж азтан эмэгтэй харамсан өгүүлжээ.
