Польшийн Познань хот дахь Volkswagen-ий үйлдвэр орчин үеийн техникийн оронд байгальд ээлтэй нэгэн сонирхолтой шийдлийг нэвтрүүлжээ. Тэд үйлдвэрийнхээ талбайн өвсийг тэгшлэх ажлыг 100 хоньтой сүрэгт даатгасан байна. Carscoops-ийн мэдээлснээр, уламжлалт зүлэг тэгшлэгч машиныг орлох эдгээр амьтад намар хүртэл тус үйлдвэрт “ажиллах” гэнэ. Ийм ер бусын шийдвэр гаргасан нь эрчим хүчний томоохон дэд бүтцээ хамгаалах зорилготой холбоотой аж.
Нарны цахилгаан станц ба амьд зүлэг тэгшлэгчид
Үйлдвэрийн талбайд 18.3 МВт-ын хүчин чадалтай, 31,000 гаруй нарны хавтан суурилуулсан байдаг. Цэлмэг өдрүүдэд энэхүү аварга том нарны станц нь үйлдвэрийн тухайн үеийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангадаг бөгөөд жилийн хэмжээнд хэрэглэж буй нийт цахилгааны дөрөвний нэгийг бүрдүүлдэг байна.
Хонуудыг яг эдгээр нарны хавтангуудын дунд бэлчээжээ. Сүргийн эзний хэлснээр, өвсөн тэжээлт амьтад шинэ, өндөр технологийн орчинд маш хурдан дассан байна. Тэд цөөн хэдээрээ бүлэг болон хуваагдаж, үнэтэй тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр эргэн тойрныхо нь өвсийг нямбайлан идэж байгаа аж.

Шинжлэх ухааны туршилт
Энэхүү шийдвэр нь практик ач холбогдлоос гадна шинжлэх ухааны зорилготой юм. Познанийн Байгалийн ухааны их сургуулийн судлаачид тус үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд хонь бэлчээрлэх нь биологийн олон янз байдал, хөрсний чанар, ургамалжилт, амьтны сайн сайхан байдал болон орон нутгийн бичил уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа аж. Үүнээс гадна нарны хавтангийн сүүдэр амьтдыг хэт халалтаас хамгаалахад тусалж чадах эсэхийг тодорхойлохоор төлөвлөж байна.
