Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 16-18-нд зохион байгуулна.
Цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын товчооны үйл ажиллагаа, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хэлэлцжээ.
Цэрэг татлагын байрууд
Нийслэлийн есөн дүүрэгт дараах байршилд цэрэг татлага зохион байгуулна:
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг – 23 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг – “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүрэг – Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүрэг – 91 дүгээр сургууль
Ямар бичиг баримт авч очих вэ
Цэрэг татлагад ирэхдээ:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цээж зураг
- Их, дээд сургууль төгссөн бол диплом
- Мэргэжлийн үнэмлэх, сертификат зэргийг биедээ авч очих шаардлагатай.
Холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хэлэлцжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон дүүргүүдийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцсон байна.
Зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, бэлтгэл ажлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
