Цөмийн зэвсэг ашиглах болон хиймэл оюун ухааныг (AI) гэмт хэргийн зорилгоор ашиглах нь 2100 он гэхэд хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй юм. Энэ тухай “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Судалгааны баг Дэлхийн хүн амд учирч болох 300 гаруй боломжит аюулыг илрүүлж, дөрвөн ангилалд хувааснаас эхний хоёр ангилалд хүмүүсийг мөхөлд хүргэж болох оршин тогтнохуйн 17 эрсдэлийг багтаасан байна.
Эрсдэлийн пирамидын хамгийн дээд ангилалд “цөмийн өвлөөс үүдэлтэй нийтийг хамрсан өлсгөлөн зарлахад хүргэх цөмийн мөргөлдөөн болон биологийн зэвсэг бүтээх зэрэгт хиймэл оюун ухааныг хортой зорилгоор ашиглах” зэрэг оржээ.
Хоёрдугаар ангилалд эрдэмтэд хүн төрөлхтнийг шууд мөхөлд хүргэхгүй ч 2100 он гэхэд эрүүл амьдралын 1 тэрбум гаруй жилийг нийлбэр дүнгээрээ алдахад хүргэх аюулуудыг багтаасан байна. Үүнд агаарын бохирдол, нянгийн эсрэг бэлдмэлийн тэсвэрт чанар (антибиотикийн тэсвэрт чанар), хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн салбарын олон улсын тусламж зогсох, ердийн зэвсэгт мөргөлдөөн, архины өндөр хэрэглээ болон артерийн даралт ихсэх зэрэг орно. Мөн орлогын тэгш бус байдал, боловсролын доогуур түвшин, байгалийн гаралтай цар тахал, таргалалт, сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг, тамхидалт, эрүүл бус хөгшрөлт зэрэг хүчин зүйлсийг хамруулжээ.
Тайлангийн зохиогчид улс орнуудыг аюул заналыг урьдчилан илрүүлэх, сэргийлэх, шинээр үүсэж буй эрсдэлд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, санхүүжүүлэхийг уриалж байна.
Үүний тулд төрийн бүтцэд тусгай нэгж хуваарилах, төсвийн төлөвлөлтөд аюул заналд бэлтгэх арга хэмжээг тусгах, нийгмийн эрүүл мэнд, хяналтын тогтолцоо болон мэргэжилтнүүдийн бэлтгэлийг бэхжүүлэх, ялангуяа эмзэг бүлгийн хүн амд тусгайлан анхаарахыг санал болгож байна.
