АНУ-ын Аляска мужийн нэгэн эмэгтэй нөхрийнхөө нэр дээрх тэтгэмж, төлбөрийг үргэлжлүүлэн авахын тулд түүний шарилыг хөлдөөгчинд нууж хадгалжээ. Энэ талаар Alaska Public Media мэдээлэв.
Мэдээлэлд дурдсанаар, Шерил Макдональд-Паскан зүрх судасны хүнд өвчний улмаас нас барсан нөхөр Росс Пасканыхаа үхлийг нуун дарагдуулж байжээ. Мөрдөн шалгалтын мэдээллээр, түүний цогцос Свитцер-Виллидж суурин дахь гэрийнх нь ойролцоох саравчинд байрлуулсан хөлдөөгчинд дор хаяж 2018-2025 оны хооронд байсан байна. Харин эмэгтэй танилууддаа нөхрөө асрамжийн газарт оруулсан гэж хэлдэг байжээ.
Макдональд-Паскан өөрөө 2025 оны 7-р сард хорт хавдраар нас барсны дараа гэрийг нь цэвэрлэж байсан хүн брезентээр ороосон хүний шарилтай боодол олжээ.
Цагдаагийнхан эмэгтэй нөхрийнхөө нэрээр нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэврийн төлбөр болон Аляскийн тэтгэврийн сангийн ногдол ашиг авах хүсэлтүүдийг үргэлжлүүлэн гаргаж, мөнгийг нь авч байсныг тогтоосон байна.
Паскан яг хэзээ нас барсан нь тодорхойгүй тул учирсан хохирлын нийт хэмжээг тогтоож чадаагүй байна. Мөрдөн шалгалтаар эрэгтэйн үхэлд өөр хүн холбоотой байсан, эсвэл цогцсыг нуухад эмэгтэйд хэн нэгэн тусалсан гэх нотлох баримт илрээгүйжээ.
Хэргийг хаасан боловч шинэ мэдээлэл гарч ирвэл цагдаагийн байгууллага мөрдөн шалгалтыг дахин эхлүүлэх боломжтой байна.
