Америкийн тэрбумтан, Meta компанийн тэргүүн Марк Цукерберг эхнэр Присцилла Чаны хамт Ирландын Уотерфорд гүнлэгт байрлах Strancally нэртэй готик хэв маягийн цайзыг худалдаж авсан гэж Daily Mail мэдээлжээ.
Түүхэн эдлэн газрын үнэ 20-30 сая еврогоор үнэлэгдэж байгаа ч хэлцлийн албан ёсны дүнг зарлаагүй байна.
Strancally Castle 440 акр газартай
Цайз нь Блэкуотер голын эрэг дээр байрладаг бөгөөд ойролцоогоор 440 акр буюу 178 га газраар хүрээлэгдсэн аж. Гурван давхар уг барилгыг XIX зууны эхний хагаст барьжээ.
Өмнөх эзэд нь сүүлийн 20 жилийн турш цайзыг өргөн хүрээтэй сэргээн засварлаж байсан байна.
Хэлцэл олон нийтэд нээлттэйгээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тавигдалгүй хийгджээ. Ирландын улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд худалдан авалтын үнэ одоогоор хараахан тусгагдаагүй байна.

Гэр бүл АНУ-аас нүүхээр төлөвлөөгүй
Цукербергийн төлөөлөгч худалдан авалтыг баталж, гэр бүл нь түүхэн байшинг үргэлжлүүлэн арчилж, Ирландад цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
Гэсэн ч Марк Цукерберг, Присцилла Чан нар АНУ-аас бүр мөсөн нүүх төлөвлөгөөгүй аж. Цайзыг Ирланд руу хийх айлчлалын үеэр ашиглах бололтой. Тус улсад Цукербергийн компанийн Европ дахь төв оффис байрладаг.
Strancally Castle нь готик сэргэн мандалтын хэв маягаар баригдсан. Төслийг Ирландын хэд хэдэн алдартай эдлэн газрыг зохион бүтээсэн архитектор Жеймс Пэйн болон Жорж Ричард Пэйн нар боловсруулсан байна.
