Ferrari-ийн бүрэн цахилгаан Luce загварын анхны хувилбар АНУ-ын Монтерей хотод болсон Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар 40 сая ам.доллараар зарагдсан байна. Энэ тухай дуудлага худалдааны ордны сайтад мэдээлжээ.
Тайлбарт “Шасси 0” гэж тэмдэглэгдсэн уг автомашин нь Ferrari Luce загварын анхны серийн хувилбар гэж дурдсан байна.
Зарагдсан автомашинд тусгай дурсгалын пайз байрлуулсан бөгөөд Ferrari дуудлага худалдаанаас олсон орлогыг буяны үйлсэд хандивлахаар болжээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр, энэ автомашин дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй шинэ машин гэсэн рекорд тогтоосон байна.

Ferrari-ийн цахилгаан загвар маргаан дагуулжээ
Ferrari-ийн анхны цахилгаан автомашиныг 5-р сарын 26-нд танилцуулсан. Үүний дараа компанийн хувьцаа 8%-иас илүү унасан бөгөөд энэ нь 5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үнэлгээний бууралт болсон гэж мэдээлжээ.
Ferrari-ийн ерөнхийлөгч асан, мөн “Формула-1”-ийн багийг удирдаж байсан Лука ди Монтедземологийн үзэж буйгаар, ийм бүтээгдэхүүн нь компанийн домгийг нураах эрсдэлтэй аж. Тэрээр Ferrari-ийн цахилгаан автомашинаас тус брэндийн алдарт давхиж буй азарганы эмблемийг авах байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

