Аялал жуулчлалын даатгалын салбарын шинжээчид аялагчид халаасны хулгай, гудамжны дээрэм болон залилангийн золиос болох эрсдэл хамгийн өндөр байдаг дэлхийн хотуудыг нэрлэжээ. Уг судалгаанд дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын хэдэн арван чиглэлийг хамруулсан бөгөөд жуулчдын сэтгэгдэл, шүүмж болон гэмт хэргийн индексийг харьцуулан гаргасан байна.
Хүн амын хөл хөдөлгөөн, жуулчдын урсгал их байх тусам гэмт этгээдүүд тэдгээр цэгүүд рүү илүүтэй татагддаг болохыг шинжээчид анхаарууллаа.
Жуулчдын хувьд хамгийн эрсдэлтэй ТОП 5 хот
| Байр | Хот / Улс | Хамгийн өндөр эрсдэлтэй бүс | Гол аюул занал |
| 1 | Бангкок (Тайланд) | Их ордон (Grand Palace) орчим | Залилан, элдэв мэхлэлт |
| 2 | Парис (Франц) | Сакре-Кёр багсаг (Sacré-Cœur) | Халаасны хулгай |
| 3 | Прага (Чех) | Түүхэн төв хэсэг, гол маршрутууд | Халаасны хулгай |
| 4 | Шанхай (Хятад) | Нанкины гудамж (Nanjing Road) | Халаасны хулгай, залилан |
| 5 | Агра (Энэтхэг) | Таж Махал (Taj Mahal) цогцолбор | Гудамжны хулгай, халаасны хулгай |
Онцлох хотуудын нөхцөл байдал
- Бангкок (Тайланд): Жагсаалтыг албан ёсоор тэргүүлэв. Судлаачдын үзэж буйгаар жуулчид Бангкок хотод ажилладаг элдэв залилангийн схемүүдийг дутуу үнэлж, хэт амархан хууртдаг байна. Ялангуяа “Их ордон” орчмоор аялагчдыг төөрөгдүүлэх замаар мөнгө салгах үйлдэл маш их гардаг.
- Парис (Франц): Удаах байранд орсон бөгөөд алдарт Сакре-Кёр сүмийг үзэхээр ирсэн хүмүүсийн анхаарал сарнисан үеийг халаасны хулгайчид хамгийн чадварлаг ашигладаг байна.
- Прага (Чех): Тус улсын түүхэн төв болон хуучин хотын гудамжуудаар явж буй жуулчдын цүнх, хэтэвч алдагдах тохиолдол тогтмол бүртгэгддэг аж.
- Шанхай (Хятад): Алдартай Нанкины гудамжинд асар их хүн цугладаг нь халаасны хулгайчдад халхавч хийж, маш таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэж шинжээчид дүгнэжээ.
Аялагчдад зориулсан шинжээчдийн зөвлөмж
Олон улсад аялахдаа өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах алтан дүрмүүдийг баримтлахыг зөвлөж байна:
- Эд зүйлсдээ сонор сэрэмжтэй байх: Цүнх, утас, хэтэвчээ үргэлж хараа хяналтандаа байлгаж, хүний хөлийн газраар явахдаа цүнхээ урдаа барих;
- Бэлэн мөнгө ил гаргахгүй байх: Их хэмжээний бэлэн мөнгийг хүмүүсийн нүдэн дээр гаргаж тоолохгүй байх, гол картуудаа тусад нь хадгалах;
- Урьдчилан судлах: Очих гэж буй улс, хотод жуулчдыг залилдаг хамгийн түгээмэл ямар аргууд байдгийг интернэтээс урьдчилан уншиж, мэдээлэлтэй болох.
