Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ. Ингэснээр тус төв жилдээ 3000-3500 хүүхдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал нь 5-8 дахин нэмэгдсэн байна.
Өмнө нь “Эрүүл-Үрс” төв хязгаарлагдмал орчин, бага талбайд үйл ажиллагаа явуулж байжээ. Тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан байна.
Тухайн үед төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ хүргэдэг байв. Жилдээ 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байсан нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангахад хүндрэлтэй байжээ.

Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дараах боломж бүрдэж байна:
- 4600 ам метр талбай бүхий шинэ орчинтой болсон;
- иж бүрэн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангагдсан;
- сэргээн засах орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон;
- жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай болсон.
Ийнхүү нийслэлийн хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, “Эрүүл-Үрс” төв орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн төв болон өргөжлөө. Шинэ барилга ашиглалтад орсноор хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн сэргээн засах үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах нөхцөл бүрдсэн байна.
