Өглөөний цай бол тухайн өдрийн эрч хүчний суурь болдог чухал хооллолт билээ. Гэвч бидний өдөр тутамдаа эрүүл хэмээн андууран хэрэглэдэг зарим түгээмэл хүнс эсрэгээрээ цусан дахь сахарын хэмжээг огцом савлуулж, ердөө ганц хоёр цагийн дараа дахин өлсөх мэдрэмж төрүүлдэг байна. Алдартай диетологчид болох Роксана Эхсани, Конни Элик нарын “Martha Stewart” хэвлэлд өгсөн зөвлөгөөг үндэслэн өглөө ууж, идэхээс татгалзах ёстой хүнснүүдийг эрүүл орлуулагчдынх нь хамт багцлан хүргэж байна.
Эрүүл мэт харагддаг “Сахарын урхи”
Өглөөг хэт чихэрлэг эсвэл боловсруулсан нүүрс усаар эхлүүлэх нь бүтэн өдрийн турш ядарч, сульдах гол шалтгаан болдог төдийгүй зүрх судасны өвчлөл, чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв таны өглөөний цэсэнд дараах хүнснүүд багтдаг бол яг одоо өөрчлөх цаг болжээ:
- Амтат нарийн боов ба кекс: Цагаан гурил, их хэмжээний сахар, тос агуулсан тул өглөөний цай гэхээсээ илүү амттан бөгөөд таныг урт хугацаанд цатгаж чадахгүй. Үүнийг гэрийн нөхцөлд хийсэн бүхэл үрийн кекс, чиа үрийн пудингээр солиорой.
- Сүүтэй, сироптой кофе: Чихэрлэг сироп, цөцгийтэй кофе нь хийжүүлсэн ундаанаас ч их сахар агуулдаг тул кофендоо чихэр хийхээ багасгах эсвэл хар кофе ууж хэвших нь зүйтэй.
- Бэлэн өглөөний хоол: Сахар ихтэй, уураг, эслэг багатай тул цусан дахь глюкозыг огцом өсгөнө. Үүний оронд овъёос, гурвалжин будааны кашийг нэрс, самар, грек йогурттай хольж идээрэй.
- Гранола баар: Эрүүл хүнс мэт боловч бэлэн баарнууд маш их чихэртэй байдаг. Үүнийг чихэргүй грек йогурт эсвэл гэртээ бэлдсэн баараар орлуулж болно.
- Амт оруулсан овъёос: Жимсний амттай бэлэн багцалсан овъёос нь сахар ихтэй байдаг тул ердийн овъёос авч, өөрөө шинэ жимс нэмж идэх нь зөв.
- Сахартай жимсний шүүс: Шүүсэнд эслэг байдаггүй тул элэг өөхлөх, триглицеридийн хэмжээг ихсгэх аюултай. 100% цэвэр шүүс эсвэл уурагжуулсан смүүти уух нь илүү эрүүл сонголт юм.
Давс, өөх тосны хэтрэлт ба Цагаан гурилын хор уршиг
Зөвхөн сахар ч биш, өглөөний хоолонд агуулагдах ханасан өөх тос, давсны хэтрэлт нь эрүүл мэндэд урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Тухайлбал, бекон, хиам, зайдас зэрэг боловсруулсан мах нь уураг агуулдаг ч ханасан өөх тос, натриар баялаг байдаг. Энэ нь “муу” холестериныг ихсгэж, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул өглөөд өндөг, грек йогурт, ээдэм эсвэл утсан яргай загас сонгохыг мэргэжилтнүүд зөвлөв.
Мөн круассан эсвэл тослог талхтай, зайдас, бяслагтай бэлэн сэндвичүүд нь эслэг маш багатай, натри ихтэй байдаг тул гэртээ бүхэл үрийн талх, өндөг, хүнсний ногоогоор өөрөө хийж идэх нь хамаагүй дээр. Үүнээс гадна, үйлдвэрлэлийн явцад ашигтай эслэг, шим тэжээлээ алддаг цагаан талх нь цусан дахь сахарыг хурдан өсгөж, цатгалан мэдрэмж өгдөггүй тул бүхэл үрийн эсвэл буудайн талхыг уураг, эрүүл тостой хослуулан хэрэглээрэй.
Диетологчдын зөвлөгөө: Өглөөний цай таныг үд дунд хүртэл цатгалан байлгаж, тогтвортой эрч хүч өгөх ёстой. Хэрэв та дээрх хүнснүүдийг өдөр бүр хэрэглэдэг бол өнөөдрөөс эхлэн эрүүл хувилбараар солиорой.
