2025 онд дэлхий даяар долларын саятнуудын тоо ойролцоогоор 1 саяар нэмэгдсэн талаар Reuters агентлаг Швейцарийн UBS банкны тайланд тулгуурлан мэдээлжээ.
Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий даяар хувийн нийт хөрөнгийн хэмжээ 10.8 хувиар өссөн байна. Энэ нь 2024 оны 4.6 хувь, 2023 оны 4.2 хувийн өсөлтөөс мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм. Шинжээчдийн тайлбарласнаар, санхүүгийн зах зээлүүд хүчтэй байсан нь хөрөнгийн ийм өсөлтөд голлон нөлөөлжээ.
Зөвхөн АНУ-д 2025 онд долларын саятнуудын тоо 440 мянгаар нэмэгдсэн байна. Харин Европт саятнуудын тоо харьцангуй хурдтай өссөн нь өнгөрсөн онд ам.долларын ханш евротой харьцуулахад суларсантай холбоотой гэж тайланд дурджээ.
Баялгийн ялгаа улам нэмэгдсэн байна
UBS-ийн мэдээлснээр, дэлхийн хэмжээнд дундаж баялаг өссөн ч хөрөнгийн тэгш бус байдал мөн гүнзгийрсэн байна. Ихэнх улс оронд медиан баялгийн түвшин буурсан нь хамгийн чинээлэг хэсэг болон нийт хүн амын үлдсэн хэсгийн хоорондох зөрүү нэмэгдэж байгааг харуулжээ.
Медиан үзүүлэлт нь жирийн иргэдийн бодит санхүүгийн байдлыг илүү сайн илэрхийлдэг тул энэ бууралт нь хөрөнгө зөвхөн дээд давхаргад илүү төвлөрч байгааг онцолж байна.
UBS тайлангаа боловсруулахдаа дэлхийн нийт баялгийн 92 хувиас илүүг төлөөлөх 56 зах зээлийг судалсан байна.
