Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотноо зохион байгуулагдаж буй 2026 оны өвлийн Олимпын наадмын медалиуд чанарын шаардлага хангахгүй байгаа талаар тамирчид ам уралдан гомдоллож эхэллээ. Эдгээр шагналуудыг Италийн Зоосны үйлдвэр болон Полиграфийн институтийн үйлдвэрлэлийн хаягдлаас гаргаж авсан дахин боловсруулсан металлаар хийсэн бөгөөд загварын хувьд Олимпын цагиргаар холбогдсон хоёр хэсгээс бүрддэг байна. Зохион байгуулагчид үүгээрээ хоёр хотын эв нэгдэл, Олимп болон Паралимпын үнэт зүйлсийг илэрхийлэхийг зорьсон ч бодит байдал дээр уг загвар нь маш эмзэг болох нь батлагдав.
Энэхүү асуудлыг анх Шведийн цаначин Эбба Андерссон олон нийтэд дэлгэсэн юм. Тэрээр 2-р сарын 7-нд скиатлоны төрөлд хүртсэн мөнгөн медалиа цасан дээр унагахад шагнал нь гурван хэсэг болон бутарчээ. Андерссон “Медаль маань цасан дээр унаад гурав хуваагдчихсан. Нэг хэсэг нь хаашаа ч юм үсрээд алга болсон тул бид хайж олохоо болиод бууж өгсөн” хэмээн SVT сувагт ярьсан байна. Тэрээр зохион байгуулагчдад ийм тохиолдолд зориулсан нөөц төлөвлөгөө байгаа гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Медалийн их биеэс гадна түүнийг тогтоох тууз болон бэхэлгээ нь мөн л асуудал дагуулж байна. АНУ-ын уран гулгагч Алиса Лью болон Германы биатлонч Юстус Штрелов нарын медалийн тууз баяр хүргэх явцад тасарч, медаль нь унасан тохиолдол гарчээ. Германы цанын холбоо баярлаж буй тамирчдынхаа бичлэгийг нийтлэхдээ “Сайн байна уу, зохион байгуулагчид аа! Энэ медалиудад юу тохиолдоод байна вэ?” хэмээх тайлбартайгаар шүүмжлэлтэй хандсан байна.
Хамгийн сүүлд 2-р сарын 8-нд уулын цанын төрөлд алтан медаль хүртсэн АНУ-ын тамирчин Бризи Жонсон хэвлэлийн бага хурал дээр медалиа эвдэрсэн талаар мэдээллээ. Түүнийг баярлан үсрэх үед медалийн бэхэлгээ нь жингээ даалгүй салж унасан байна. Жонсон “Энэ медаль үнэхээр хүнд юм. Миний төсөөлж байснаас ч хүнд” хэмээн тайлбарласан бөгөөд нүсэр хүнд металлыг тогтоож буй нарийн бэхэлгээ нь ийнхүү ачааллаа даахгүй байгааг онцолжээ.

Медаль ийм хурдан эвдэрнэ гэж бодоогүй шүү
Олимпын нэр хүндэд муу нөлөөтэй юм байна даа