Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялгаас олох ашгийг ард иргэдэд шударгаар хуваарилах, уул уурхайн салбарт сахилга бат тогтоох зорилгоор томоохон хэлцлүүдийг хийж эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий болон үүсмэл ордуудаас хүртэх өгөөжийн дийлэнхийг ард түмэнд зориулахаар болж, өнөөдөр нэр бүхий компаниудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг бодит ажил хэрэг болгох үүднээс төр болон хувийн хэвшлийнхэн зөвшилцөлд хүрч, дараах аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгөө нэмэгдүүлэхээр боллоо:
- “Ачит Ихт” ХХК (Эрдэнэтийн үүсмэл орд)
- “Энержи Ресурс” болон “М Си Эс” (Тавантолгойн нүүрсний бүлэг орд)
- “Хангад Эксплорейшн” ХХК
- “Өсөх зоос” ХХК (Нарийн сухайтын орд)
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баялгийг одоо ба ирээдүй үеийнхэндээ тэгш хуваарилах зарчмыг хуульчилсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас идэвхтэй ажиллажээ. Хэлэлцээрийн үр дүнд дээрх компаниудын үйл ажиллагааны ашгийн 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тогтсон ба хэрэв тухайн жилийн өгөөж энэ хэмжээнд хүрэхгүй бол “тохируулагч төлбөр” төлөх хариуцлагатай нөхцөлийг тусгасан байна.
Уул уурхайн салбарт өрнөж буй энэхүү шинэчлэл нь зөвхөн эхлэл бөгөөд Засгийн газраас стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэхүү “цэгцрэх хөдөлгөөн” нь эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй Үндэсний баялгийн сангийн орлогыг үлэмж нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдэл сүүлийн хоёр жилийн хугацаанд Хуримтлалын санд нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа нь баялгийн хулгайтай тэмцсэний бодит үр дүн гэж үзэж байна.
