Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн тэргүүтэй албаны төлөөлөгчид Орхон аймагт ажиллах үеэрээ “Баясгалант Бат Очир” ХХК-ийн хамт олонд “Улсын аварга тариаланч хамт олон” хэмээх эрхэм хүндтэй шагналыг нь гардуулан өглөө. Засгийн газраас энэ онд салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагтаа ажлын байр болон эдийн засгийн үнэ цэнийг бүтээсэн 12 аж ахуйн нэгжийг шалгаруулсны нэг нь ийнхүү Баян-Өндөр сумын тариаланчид болж байна.
Сайд М.Бадамсүрэн шагнал гардуулах үеэрээ хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлогын талаар дараах гол чиглэлүүдийг дурдсан юм:
- Эрх зүйн шинэчлэл: Жижиг, дунд үйлдвэр болон Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх.
- Чөлөөт өрсөлдөөн: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр, зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг нь хангаж ажиллах.
- Хүнсний хувьсгал: Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл, бодлогын дэмжлэгийг оновчтой болгох.
“Баясгалант Бат Очир” ХХК-ийн хувьд 1998 оноос хойш Орхон болон Булган аймгийн нутагт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, төмс, хүнсний ногооны үрийн шинэчлэлийг тууштай нэвтрүүлж ирсэн туршлагатай хамт олон юм. Тэд бага талбайгаас өндөр ургац авах технологийг эзэмшсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон ажилладаг байна.
Тус компанийн амжилтын нэг үндэс нь хадгалалт, хамгаалалтын дэд бүтцийг цогцоор нь шийдсэнд оршиж байна. Тэд 1999 оноос хойш өөрсдийн нөөц боломжоор 35 тоннын багтаамжтай дөрвөн зоорь барьсан бол 2023-2024 онд нийт 290 тоннын багтаамжтай, орчин үеийн бетонон доторлогоотой шинэ зоориудыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр хүнсний ногоог чанар алдагдуулахгүй хадгалж, орон нутгийн иргэдийг жилийн турш баталгаат хүнсээр хангах боломж бүрдсэн байна.
