Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл зорчих дүүжин замын тээврийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 19 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд буудал, гараашны барилгын үндсэн хийцийн ажил хийгдэж, одоогоор дотор заслын ажил үргэлжилж байгаа аж.
Мөн дүүжин тээврийн хөдөлгөөнийг хангах 112 тонн ган татлагыг бүрэн угсарсан байна. Нийт 98 кабинтай байхаар төлөвлөсөн уг системээс одоогийн байдлаар 32 кабиныг гараашинд суурилуулжээ.
Төслийн ажлын явц:
- 19 тулгуур баганын угсралт бүрэн дууссан;
- буудал болон гараашны үндсэн бүтээн байгуулалт хийгдсэн;
- дотор заслын ажил үргэлжилж байна;
- 112 тонн ган татлага угсарсан;
- 98 кабинаас 32 кабиныг гараашинд суурилуулсан.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл өнөөдөр “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллажээ. Тэд газар дээр нь очиж, барилга угсралтын явц болон тоног төхөөрөмжийн суурилуулалттай танилцсан байна.
Танилцах үеэр төслийн инженер, техникийн багийнхан барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлжээ. Энэ талаар НТУГ-аас мэдээлэв.
