“Independent” хэвлэлийн мэдээлснээр, алдарт дуучин Стинг зургаан хүүхдэдээ зориулж траст сан (хөрөнгө итгэмжлэн удирдах сан) байгуулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ. Тэрээр хүүхдүүдээ бэлэн хөрөнгөнд найдалгүй, өөрсдийн амьдрал болон карьераа бие даан босгох ёстой гэж үздэг байна.
Өдгөө 74 настай хөгжимчин эр энэ тухайгаа “CBS Sunday Morning” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурджээ. Ярилцлагын үеэр сэтгүүлч Марк Филлипс түүнээс хүүхдүүд нь хөрөнгийг нь өвлөж авах эсэхийг тодруулсан байна.
“Миний бодлоор хүүхдэдээ хийж чадах хамгийн муу зүйл бол ‘Чамаар ажиллах шаардлага байхгүй’ гэж хэлэх явдал юм. Энэ бол хүүхдэдээ хор хохирол учруулж буй хэрэг бөгөөд би хэзээ ч ийм алдаа гаргахгүй гэж найддаг” хэмээн дуучин өгүүлжээ.
Хөгжимчний тэмдэглэснээр, түүний хүүхдүүд багаасаа л хөдөлмөрлөж сурсан гэнэ.
“Миний бүх хүүхдүүд гайхалтай хөдөлмөрч. Энэ нь тэдний ДНХ-д байдаг уу, эсвэл би тэдэнд ‘Та нар ажиллах ёстой’ гэж үргэлж хэлдэг байсантай холбоотой юу гэдгийг мэдэхгүй юм. Би өөрийн мөнгөө өөрөө л үрдэг. Та нарын боловсролын төлбөрийг төлж, өмсөх гуталтай чинь болголоо. Одоо явж ажиллацгаа гэж би тэдэнд хэлдэг” хэмээн дуучин хуваалцав.
Түүний үзэж буйгаар, хүүхдүүдээ хүмүүжүүлэх энэхүү арга барил нь хатуу ширүүн сэтгэл биш аж. “Энис бол тэдэнд үзүүлж буй хайр халамж, бас итгэл найдвар юм. Тэд өөрсдийн замыг өөрсдөө олно гэдэгт би итгэдэг. Миний хүүхдүүд хатуужилтай” гэж Стинг онцолжээ.
Мөнгөний талаарх түүний энэ хандлага хүүхдүүдийнх нь дургүйцлийг хүргэдэг эсэх талаар асуухад хөгжимчин тоглоом болгон: “Үгүй ээ, ядаж л миний нүүрэн дээр тэгж хэлдэггүй юм” гэж хариулсан байна.
Стинг болон түүний 33 жил ханилж буй гэргий Труди Стайлер нар Микки, Жейк, Элиот, Жакомо гэсэн дөрвөн хүүхэд өсгөжээ. Мөн хөгжимчин эр өмнөх эхнэр Фрэнсис Томелтигээс Жо, Фуксия гэх хоёр том хүүхэдтэй юм.
Дуучин эр өв хөрөнгийн талаар ийнхүү ярьж байгаа нь анхны удаа биш юм. Бүр 2014 онд “Mail on Sunday” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүүхдүүддээ зориулж их хэмжээний траст сан үлдээхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байв. “Тэдний хүзүүг дарах хүнд ачаа болох траст сангуудыг би тэдэнд үлдээхийг үнэхээр хүсэхгүй байна” гэж хөгжимчин хэлжээ.
“Тэд ажиллах ёстой. Миний бүх хүүхдүүд үүнийг мэддэг бөгөөд надаас маш ховорхон зүйл гуйдаг. Би үүнийг нь маш их хүндэтгэж, үнэлдэг юм. Мэдээж хэрэг тэдэнд хүндрэл бэрхшээл тулгарвал би туслалгүй яах вэ, гэхдээ надад тэгэх шаардлага бараг гарч байгаагүй” хэмээн тэрээр тайлбарлаж байжээ.
Стингийн хэлснээр хүүхдүүдэд нь бие даан амжилтад хүрэх хангалттай сэдэл тэмүүлэл байдаг гэнэ. “Тэдэнд өөрийн хүчээр амжилтад хүрэх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг хөдөлмөрийн ёс зүй бий” гэж тэрээр тэмдэглэжээ.
Мөн 2020 онд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүүхдүүдээ “маш бие даасан” хэмээн нэрлэж байв.
“Тэд бэлэн зүйл хүлээгээд суудаггүй. Өөрийн хөдөлмөрөөр амьдралаа авч явах тэрхүү сонирхолтой бөгөөд эгзэгтэй амьдралын аяллыг би тэднээс булаахыг хүсэхгүй байна. Энэ бол гайхалтай хэрнээ амаргүй даваа. Тийм учраас би тэдэнд юу ч амлаагүй” гэж дуучин ярьжээ.
Стинг 1970-1980-аад оны хамгийн амжилттай хамтлагуудын нэг болох “The Police” хамтлагийн гоцлол дуучин, басс гитарчин, ая зохиогчоор ажиллаж, дэлхийн хэмжээний алдар нэрд хүрсэн билээ. Тус хамтлаг студийн таван цомог гаргаж, “Grammy”-гийн таван шагнал хүртсэн бөгөөд 2003 онд “Рок-н-роллын алдрын танхим”-д (Rock and Roll Hall of Fame) багтсан юм.
1985 оноос гоцлол карьераа эхлүүлснээс хойш Стинг бие даасан 15 цомог гаргаж, “Grammy”-гийн шагналыг дахин 11 удаа хүртжээ.
