“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга, тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүссэн байна.
Б.Чагнаадорж өмнө нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр тус үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийх, ордын олборлолтыг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төсвийн орлогыг өсгөх чиглэлд ажилласан туршлагатай юм.
Н.Цэрэнсамбуугийн ажилласан хугацааны үзүүлэлт:
- Нүүрсний борлуулалт — 1.8 дахин өссөн
- Борлуулалтын орлого — 1.7 дахин нэмэгдсэн
- Ачилт — 1.8 дахин өссөн
- Биржийн борлуулалт — 6.7 дахин нэмэгдсэн
- Биржийн ачилт — 3.9 дахин өссөн
- Биржийн экспорт — 4 дахин нэмэгдсэн

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.
