Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах чухал алхам хийлээ. Хүүхдүүдийг оршин суугаа газартай нь ойрхон сургах, анги дүүргэлтийг цөөлөх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулиудыг шинээр зохион байгуулахаар тогтсон байна. Түүнчлэн стандарт хүчин чадал нь хэтэрсэн сургуулиудын бүтцийг өөрчилж, бие даасан ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ суурьшлын болон гэр хорооллын бүсэд байгуулах сургуулиудын хэлбэр
Энэхүү шинэчлэлийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн дараах гурван төрлийн бага сургуулийг шаардлагатай байршлуудад ажиллуулж эхлэхээр Засгийн газраас шийдвэрлэв. Эдгээр сургуулиудыг тухайн бүс нутгийн орчин нөхцөлийн онцлогийг харгалзан байгуулах юм.
- Нийслэл болон аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”
- Нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”
- Алслагдсан болон хил орчмын бүс нутагт “Багийн бага сургууль”
Дээрх сургуулиудын дотроос “Хотхоны бага сургууль”-д зөвхөн нэг болон хоёрдугаар ангийн сурагчид суралцах удирдамж гарчээ. Одоогоор нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд ийм сургууль байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнд 10 мянган хүүхэд хамрагдах аж.
Танхимын ашиглалтыг сайжруулж, ачааллыг тэнцвэржүүлнэ
Сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх өөр нэг арга нь цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулиудын сул байгаа өрөөнүүдийг ашиглах явдал юм. Тодруулбал, ашиглагдахгүй байгаа 376 танхимыг сургалтын зориулалтаар засаж тохижуулснаар 11 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бага ангийн ачаалал эрс буурах боломжтой болно.
Засгийн газрын тогтоолоор энэхүү бүтцийн өөрчлөлтийг хийж, үр дүнтэй зохион байгуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна. Ингэснээр хэт ачаалалтай сургуулиудын асуудлыг системтэйгээр шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.
