“Мөнхөд орших Монгол” Үндэсний их баяр наадмын баяр, цэнгүүний хөтөлбөрийн хүрээнд “Монгол бахархал”-“Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээгдлээ. Үндэсний бахархал, өв соёл, адууны түүхэн үнэ цэнийг гэрэл зургийн хэлээр харуулсан уг үзэсгэлэн наадамчин олон болон гадаад, дотоодын зочдод зориулан дэлгэгдэж байна.
Энэхүү үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоод хамтран 7 дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэн монгол адуу, түүнтэй салшгүй холбоотой нүүдлийн соёл, түүхэн уламжлалыг онцолж байгаагаараа өмнөх жилүүдийн арга хэмжээнээс ялгарч байна.
Үзэсгэлэнгийн үндсэн зорилго нь:
- үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлалыг сурталчлах;
- монгол адууны өв соёлыг олон нийтэд таниулах;
- наадамчин олон, жуулчид, зочид төлөөлөгчдөд соёлын боловсрол олгох;
- гэрэл зургаар дамжуулан монголчуудын адуутай холбогдох үнэт өвийг харуулах.

Адууны наадамд дэлхийн 55 орны төлөөлөл оролцож байгаа нь энэ жилийн арга хэмжээний олон улсын цар хүрээг илтгэж байна. Үүнтэй уялдуулан Монголын гэрэл зурагчдын хамтын бүтээлийг “Монгол адууны өв соёл” гэсэн агуулгаар нэг дор дэлгэж, монгол морины түүх, ахуй, бэлгэдлийг гэрэл зургийн урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэж байгаа юм.
Монголчууд эртнээс морио хаан төрийн долоон эрдэнийн нэг хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн. Мөн монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өв соёл, уламжлалыг бүрдүүлэхэд адууны гүйцэтгэсэн түүхэн үүрэг, ач гавьяаг хуулиар тунхаглаж, төрийн сүлдэндээ залсан нь морин эрдэнэ монголчуудын дээд шүтээн болохыг илэрхийлдэг билээ.
