Төгрөгийн юаньтай харьцах ханш сүүлийн саруудад тогтмол суларч, импортын гол валютын үнэ өсөлт үзүүлж байна. Сар шинийн баяр дөхөж, урд хөршөөс ирэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон худалдан авалт идэвхжсэн нь энэхүү өсөлтийн гол шалтгаан болж байгааг эдийн засагчид тайлбарлаж байна. Сар шинийн бэлтгэлээ базааж буй иргэдийн хувьд энэ нь хэтэвчинд бага зэрэг “хүнд” тусаж магадгүй ч ханшийн чангаралт ийнхүү үргэлжилсээр байна.
Ханшийн өсөлтийн хурд: 500-аас 514 төгрөг хүртэл
2025 оны гуравдугаар улиралд юань 500 төгрөг орчимд харьцангуй тогтвортой байсан бол оны төгсгөл рүү 504 төгрөг болон үл ялиг өссөн байдаг. Харин 2026 он гарсаар юанийн өсөлт эрчимжиж, нэгдүгээр сард 510 төгрөгийн босгыг давсан бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-ний байдлаар зах зээлийн бодит ханш 514 төгрөгт хүрээд байна.
Өнөөдрийн байдлаарх юанийн зах зээлийн ханш:
- Монголбанкны албан ханш: 513 төгрөг.
- Арилжааны банкуудын ханш: Дунджаар 512 төгрөг.
- Валют арилжааны төвүүд (Найман шарга): 514 төгрөг.
Баярын эрэлт болон нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас шалтгаалсан энэхүү хэлбэлзэл цаашид ч үргэлжлэх магадлалтай байна. Юанийн ханшийн өсөлт нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг тул Төв банкны зүгээс ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах нь импортлогчдын анхаарлын төвд байна.
