Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, аравдугаар сарын 11-нд Бусан хотын Cinema Center-т дэлхийн нээлтээ хийжээ.
Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын бүтээл болох уг киноны нээлтэд найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, гол дүрийн жүжигчид Ч.Булган, Д.Цолмон, “Nomadia Pictures”-ийн хамт олон болон Тайланд, Камбожийн кино багийн төлөөлөл оролцсон байна.
Монголын нийгмийг цар тахлын дэвсгэр дээр өгүүлжээ
“Зогсоол” кино нь Монголын өнөөгийн нийгмийг COVID-19 цар тахлын нөхцөлтэй холбон, ёжлон өгүүлсэн бүтээл юм. Үзвэрийн дараа кино багийнхан олон улсын үзэгчидтэй уулзаж, бүтээлийнхээ талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Найруулагч С.Бямба “Би алс бөглүү нэгэн сумын төвөөр дамжуулан энэ цагийн нэг нэгнээсээ хүчтэй хамаарах болсон дэлхий ертөнцийн тухай өгүүлэхийг зорьсон” хэмээн бүтээлийнхээ санааг тайлбарласан байна.
Тэрбээр мөн “Зогсоол бол эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх юм” гэжээ.
Бусаны наадамд дахин гурван удаа гарна
Бусаны олон улсын кино наадмын хөтөлбөрийн хүрээнд “Зогсоол” кино дахин гурван удаа үзэгчдэд хүрэхээр төлөвлөгджээ.
Харин Монголын үзэгчдэд зориулсан нээлтийг ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна.
