Видео платформ YouTube 8 дугаар сарын 24-нөөс эхлэн бичлэг тоглуулж эхэлмэгц үзэлтийг шууд тоолж эхлэхээр боллоо. Үзэлт тоолох энэхүү шинэ систем нь бүх форматад хэрэгжих бөгөөд энэ тухай тус компанийн албан ёсны вэбсайтдаа мэдээлсэн байна.
“Бид урьд нь өөр өөр форматад хэд хэдэн тоолох систем ашигладаг байсан. Гэвч контент бүтээгчид эдгээр тоон үзүүлэлтийн төөрөгдлөөс салж, бодит үзэгчдийнхээ тоог нарийн мэдэхийг хүсэж байгааг бид сонссон тул энэхүү шинэчлэлийг хийж байна” гэж тус платформын төлөөлөгчид тайлбарлажээ.
Орлогожуулалтад нөлөөлөх үү?
Үзэлт тоолох шинэ систем нь контентын орлогожуулалтад (монетизаци) огт нөлөөлөхгүйг онцолсон байна. Контент бүтээгчдийн хувьд үзэгчдийн оролцоог үнэлэх одоогийн шалгуурууд хэвээр үйлчлэх юм.
Хуучин системээр бол хэрэглэгч тухайн бичлэгийг дор хаяж 30 секундийн турш тасралтгүй үзсэн тохиолдолд л нэг үзэлт гэж тооцдог байв.
