Disney Store Pixar студийн бэлгэ тэмдэг болсон Luxo Jr. буюу “Люксо Жуниор” дүрийн интерактив хувилбарыг худалдаанд гаргахаар болжээ. Энэ нь 1986 оны ижил нэртэй богино хэмжээний хүүхэлдэйн кинонд гардаг үсэрдэг ширээний гэрэл бөгөөд Pixar-ийн таних тэмдэг болсон дүр юм.
Disney Store-ийн мэдээлснээр, шинэ загвар нь Luxo Jr.-ийн 40 жилийн ойд зориулагдсан байна. Интерактив гэрэл хөдөлгөөн болон дуу авианд хариу үйлдэл үзүүлж, их биеэ хөдөлгөн, өөрийн онцлог дууг гаргана. Гэхдээ гэрэл нь өөрөө асахгүй аж.
Загварын үнэ 100 фунт байна
Disney Store Pixar Lamp-ийн хэмжээ ойролцоогоор 37 × 18 × 20 см. Ажиллуулахын тулд дөрвөн ширхэг AA батарей шаардлагатай бөгөөд батарей нь багцад багтсан байна.
Disney Store нэг зочинд нэг ширхэг худалдан авах хязгаар тогтоожээ. Бүтээгдэхүүний үнэ 100 фунт байх бөгөөд Их Британид 8-р сарын 17-ны орон нутгийн цагаар 08:00 цагт худалдаа эхэлнэ.
Riding the Magic-ийн мэдээлснээр, уг бүтээгдэхүүн нь D23 цувралын 67 нэр төрлийн барааны нэг юм. Үүнээс 55 бүтээгдэхүүнийг Disney Store 9-р сарын 12-14-ний үндсэн худалдааны өдрөөс гадуур худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Luxo Jr. Pixar-ийн бэлгэ тэмдэг болсон түүх
Pixar-ийн анхны богино хэмжээний хүүхэлдэйн кино нь 1986 оны “Luxo Jr.” байсан. Уг бүтээлийн гол дүр болох үсэрдэг ширээний гэрэл хожим студийн албан бус бэлгэ тэмдэг болж, Pixar-ийн олон бүтээлийн эхлэлд гардаг танил дүр болсон юм.
Disney 1991 оноос Pixar-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр компанийн анхны хамтарсан том төсөл нь “Toy Story” байв. Үүний дараа тэд “Toy Story 2”, “Monsters, Inc.”, “Finding Nemo”, “The Incredibles” зэрэг бүтээлүүдийг гаргасан байна.
Эдгээр киноны амжилт Pixar-ийн Холливуд дахь байр суурийг улам бэхжүүлжээ. Улмаар студи Disney-тэй байгуулсан гэрээ дууссаны дараа хамтын ажиллагаагаа зогсоох асуудлыг хөндөж байсан ч талууд цаашдын түншлэлийн талаар хэлэлцээ хийсэн байна. Эцэст нь 2006 оны 1-р сард Walt Disney Company Pixar Animation Studios-ийг 7.4 тэрбум ам.доллараар худалдаж авахаа зарлаж, Disney Pixar-ийн 100%-ийг эзэмших болсон юм.

