HomeЭдийн засагХагас коксожсон түлшийг 2026-2027 оны өвөл дахин нийлүүлнэ

Хагас коксожсон түлшийг 2026-2027 оны өвөл дахин нийлүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан /2026.05.25/ болж, ирэх халаалтын улиралд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг авч үзсэн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир Монгол Улс хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байгааг онцоллоо. Тэрбээр энэ зорилт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалттай уялдаж байгааг тэмдэглэв.

Мөн агаар, орчны бохирдлын асуудлыг зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд бус орон нутгийн түвшинд ч урт хугацааны бодлогоор шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ. Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг бодитой хангах нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэйг хуралдааны үеэр дурдсан байна.

Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдол 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав. Тэрбээр шахмал түлш болон түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэр гаргуулах хэрэгтэйг зөвлөмж болгожээ.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэснээр агаарын чанарын мэдээллийг илүү нарийвчлалтай цуглуулж, бодлого боловсруулахад ашиглах боломж нэмэгдэх юм.

“Багануурын үйлдвэр технологийн парк” ХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-химийн үйлдвэр” төслийн явц, нөхцөл байдлыг танилцууллаа. Төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулснаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж мэдээлсэн байна.

Тус үйлдвэр ашиглалтад орвол гэр хорооллын зуухнаас ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ. Мөн импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах нөхцөл бүрдэх талаар танилцуулсан байна.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксожсон түлш тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэв. Иймээс 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болголоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд