“Euronews” агентлагийн мэдээлснээр, Мальта улсын иргэд болон тус улсад оршин суугчид хиймэл оюун ухааны (AI) үндсэн курсийг онлайнаар дүүргэсний дараа “ChatGPT Plus” хувилбарыг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болох аж. Энэ тухай “OpenAI” компани болон тус улсын Засгийн газар хамтран мэдэгдлээ.
Энэ нь “OpenAI” компанийн зүгээс аль нэг улсын Засгийн газартай хамтран ажиллаж буй анхны түншлэл бөгөөд үүний хүрээнд “ChatGPT”-ийн төлбөртэй хувилбарыг тухайн улсын оршин суугчдад үнэ төлбөргүй болгож байна. Уг хөтөлбөрийг иргэдийн дижитал бичиг үсгийн тайлагдал болон хиймэл оюун ухааны талаарх мэдлэгийг дээшлүүлэх төрийн санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Мальтын онлайн таньж мэдэх системд бүртгэлтэй иргэд болон оршин суугчид гаргах боломжтой. Үүний тулд тэд Мальтын их сургуулиас боловсруулсан “AI for All” (Бүгдэд зориулсан хиймэл оюун ухаан) хэмээх үнэ төлбөргүй сургалтад хамрагдах шаардлагатай.
Тус курс нь хиймэл оюун ухаан гэж юу болох, түүний давуу тал болон хязгаарлалт, мөн ажил болон хувийн амьдралдаа хиймэл оюун ухааныг хэрхэн хариуцлагатай ашиглах талаар заах юм. Хөтөлбөрийн эхний шатыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
Үнэгүй эрхийг олгох ажлыг Мальтын Дижитал инновацын газар хариуцах юм байна. Тус газраас мэдээлснээр, сургалтад хамрагдах хүмүүсийн тоог харгалзан хөтөлбөрийн хүрээг шат дараатайгаар өргөжүүлэх ажээ.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд иргэддээ өдөр тутмын амьдралдаа хиймэл оюун ухааныг илүү итгэлтэй ашиглахад нь туслах арга замыг эрэлхийлж буй өргөн хүрээний чиг хандлагын нэг хчасэг нь энэхүү түншлэл юм гэж “OpenAI” компани онцолсон байна.
