АНУ-д болсон хуучны автомашины “Mecum” дуудлага худалдааны үеэр нэгэн хачирхалтай осол гарчээ. Үнэ хаялцуулах ажиллагаа танхимд шууд явагдаж байх үед дуудлага худалдааны нэгэн ховор үзмэр осолдсон байна. Уг ослын улмаас 1970 оны ховор цуглуулгын Ford Mustang купе загварын автомашин үлэмж эвдэрч, яаралтай засвар хийх шаардлагатай болжээ.
Энэхүү хэрэг явдал Индианаполис хотноо зохион байгуулагдсан “Mecum” томоохон дуудлага худалдааны үеэр болсон байна. Хуучны “Ford Mustang Mach I” автомашиныг үнэ хаялцуулах танхимын голд байрлах танилцуулгын тавцан руу жолоодон гаргаж байх үед уг осол гарчээ.
Гэрчүүдийн мэдээлснээр, автомашин гэнэтхэн дугуйгаа хий эргүүлэн шарваж, маш хурдтайгаар танхимын баганыг очиж мөргөсөн байна. Жолоочийн тайлбарласнаар “Ford Mustang”-ийн хаазны педаль нь гацсаны улмаас ийнхүү хяналтаа алджээ.

Танхим дотор гарсан уг ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй ч автомашины урд хэсэг маш хүнд гэмтэл авсан байна. Машины радиаторын торон хаалт, гэрэл, капот болон урд бампер нь цөмөрч хэмхэрсэн тул нэлээд өртөг өндөртэй засвар хийгдэхээр байгаа аж.
Саяхан шинэчлэн засварласан ховор хүлэг байжээ
Сонирхолтой нь, уг спорт загварын “Ford Mustang Mach I” автомашиныг саяхан бүрэн шинэчлэн засварлаж (реставраци хийж) дуусаад байжээ. Энэ нь 7.0 литрийн V8 хөдөлгүүртэй, Cobra Jet хэмээх маш ховор хүчирхэгжүүлсэн хувилбар юм. Уг хөдөлгүүрийн хүчин чадлыг албан ёсны бичиг баримт дээр 335 морины хүчтэй гэж тэмдэглэсэн байдаг ч бодит байдал дээр 400 орчим морины хүчин чадалтай аж. (1970-аад оны АНУ-д автомашины даатгалын үнэ морины хүчнээс хамаардаг байсан тул үйлдвэрлэгчид хүчин чадлыг нь зориуд дарж бичдэг байжээ).
Тус автомашин нь 0-ээс 100 км/цаг хүртэл ердөө 5.7 секундэд хурдалдаг бөгөөд дээд хурд нь 200 км/цаг хол давдаг байна.
